Үд хүртэл унтдаг Улаанбаатар

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Үд хүртэл унтдаг Улаанбаатар

Энэ зунжин зам дээр бөглөрөх маань тодорхой болов. Энд тэндгүй зам хааж, угаасаа бөглөрдөг хөдөлгөөнийг бүр ч түгжиж орхино, зун болгон шүү. Өглөө есөн цагт зам засварынхан ажлын байран дээрээ алга. Ажиглаад байхад үдийн үед л тэдний ажил эхэлдэг бололтой. Төд удалгүй цайны цаг, тэгс ингэсхийж байтал ажлын цаг дуусна. Зам засвар олон хүний амьдралын зохион байгуулалтад нөлөөлж байгааг тэд ойлгож буй болов уу. Аль болох богино хугацаанд дуусгая гэж хичээвэл шөнө ажиллахад яагаад болохгүй гэж. Ядаж өглөө эрт ажлаа эхэлбэл зам хааж боох хугацаа арай л богиносно доо… гэж бодох юм.

Монголд ажил, үйлчилгээ явуулдаг арга барил, хэм хэмнэл ерөнхийдөө иймэрхүү. Хатуу ширүүн өвөлтэйг, зуны улирал богиныг хэлэх үү. Ажил, амралт бүгдийгээ урин дулааны энэ үед л амжуулахыг хичээдэг. Тэгсэн хэрнээ өглөө нар дээр хөөрч, үд хэвийсэн үед ажлаа эхлүүлнэ. Өглөө ажлын цаг эхлэхээс өмнө онгойдог цайны газар үзээд өгье гэхнээ олдохгүй, хүнсний дэлгүүр ч ховор. Гуталчин, үсчин бүр хайлтгүй. Сая гаруй хүн амтай нийслэл хот гэхэд ажил, үйлчилгээний стандартаар арай л хоцорчээ, бид. Улаанбаатарт үд хэвийж байхад л хөл, хөдөлгөөн эхэлнэ. Азийн орнуудаар аялж ирсэн хэн ч гэлээ тэдний эртэч, ажилсгийг гайхдаг. Монголчууд бид яагаад тэднээс өөр байдгийнхаа учрыг олдоггүй.

Өнгөрсөн зун хувцасны шүүгээ худалдаж авсан юм. Цаад газар нь хүргэж ирж, угсрав. Дөч шүргэж яваа монгол эр, хорь гаруй насны хятад залуу хоёр хүргэж ирлээ. Хятад залуу бүх л эрэг шургийг боож, энэ хооронд монгол эр шуухитнаж, шуухитнаж, хаалганы зөөлөвч резиныг наав. Хоёр үзүүрээс нь имхэрдсээр байтал резин нь наалдах шинжгүй болсныг эс тооцвол бас ч гэж ажил хийлээ, хөөрхий. Энэ зуур эхнэр нь юм байлгүй нэгэн бүсгүй утсаар хоёр ч удаа залгав. “Тарах болж байна уу, ажлаа тараад шууд ирэх юм уу, хурдан ирээрэй” гэж л асуугаад байгаа бололтой. Ажлаа тараад шууд харьдаггүй монгол эрчүүдийн л нийтлэг дүр төрх. Ажлын бүтээмж нь дээрх жишээний, ажлаа тараад шууд харьчихдаггүй нь тэр зэрэгтэй.

Зам засвар, барилга засал зэрэг ажлыг эрчүүд л голдуу хийдэг. Орой нь ажил тараад наргиж наадсан тэд өглөө нь назгайрдаг зуршил ч нийтлэг. Иймэрхүү дүр төрхтэйгээр л бид улирлын шинжтэй ажлуудаа амжуулдаг байх нь.

Тогтмол ажил хийдгүүд нь ч нэг их дээрдэх зүйлгүй дээ. Замын түгжрэлд бөгшүүлж, бөгшүүлж явсаар ажлын бараа харна. Гэрээсээ өлөн гарч заншсан ихэнх маань ажил дээрээ ирээд цай эргүүлнэ. Тамхилна. Өчигдөр оройныхоо шоуны тухай нэг хэсэг нь ярина. Арай ажил хэрэгч нөгөө хэсэг нь аль нэг суваг дээр үзсэн кино, нэвтрүүлэг, мэдээний талаар “бүлтэрцгээж”, агуу том санаа дэвшүүлэн жаал улстөржинө. Ингээд “үндсэн ажлаа” дууссаны дараа ажил олгогчоос өгдөг цалингийн төлөө юу ч юм “халтуурдаж” эхэлнэ. Ашгүй цайны цаг.  Дараа нь хэсэг зуур чалчина. Тэгээд юу ч юм хийсэн дүр эсгэж, ингэс тэгсхийж байтал ажлын цаг дууслаа, ашгүй.

Бид хэдийд нь ажил амжуулж, юу бүтээдэг хүмүүс юм бэ дээ? Ажлын цагийг урагшуулах, Азийн ихэнх орнуудын жишигт шижлүүлэх санал зарим хүнд байдаг. Гэхдээ дэмжигдэж, нийгмийн зохион байгуулалтад нөлөөлөх хүртлээ удна даа, удна. Уг нь монголчууд өөр болоод л байгаа. Өнгөрсөн жилээс эхлээд л бэстселлер номын жагсаалтаас хасагдахгүй байгаа “Өглөөний хүн” гэдэг номыг сөхөөд харахад илүүдэхгүй байх шүү. Өглөө эрт боссоноороо өөрийнхөө амьдралыг хэрхэн өөрчилж, амжилтад хүрч болох тухай тэнд өгүүлнэ. Нэг биш хоёр удаа амьдарч болно гэнэ. Энэ “нээлт” монголчуудад гайхалтай таалагдаж байгаа учраас л бэстселлер болж буй хэрэг. Гэвч нэг хүн, хоёр хүн эртэч болоод өөрөө өөрийнхөө амьдралыг л өөрчлөхөөс цааш хэтрэхгүй. Нийгмээрээ, нийтээрээ зохион байгуулалтаа өөрчлөөгүй цагт нэг хүний хичээл зүтгэл юунд ч хүрэхгүй учраас… Нийтээрээ гэгээрч, сэхээрэх ч яахав. Ядаж энэ үйлчилгээ /зам засвар ч ажил, үйлчилгээнд хамаарна/ өглөө эрт үүдээ нээдэг болчихвол уу?!

З.Боргил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж