-Спортын мастер Ц.Сүхбат 8 дахь өрөгт Литвийн Артур Тункевичид хожигдсоноор хоёр байр ухарч, хүснэгтийн дөрөвдүгээрт бичигдэж байна. –
Польш улсын Дабки хотноо болж буй зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай даамчдаас хамгийн өндөр амжилтыг залуучуудын ангилалд өрсөлдөж буй спортын мастер Ц.Сүхбат үзүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрээр өнөөдөр сүүлийн 9 дэх өрөгт ОХУ-ын Сергей Янковлевтэй тоглох юм.
Ц.Сүхбат 7 дахь тавилдаа Беларусын ОУМ Алексей Куницаг хожиж, 2-р байрт бичигдэж байсан бөгөөд 8 дахь өрөгт Литвийн Артур Тункевичид хожигдсоноор хоёр байраар ухарлаа. 28 даамчин өрсөлдөж буй залуучуудын ангилалыг Литвийн А.Тункевич 12 оноотой тэргүүлж байгаа бол Нидерландын даамчид удаалж, Ц.Сүхбат хүснэгтийн дөрөвдүгээр байранд бичигдэж байна. Мөн энэ ангилалд тоглож буй спортын мастер Ц.Отгонбилэг 9 оноотой XI, ДДХМ А.Сулейман 7 оноотой XXII байрт явна.
Харин бүсгүйчүүдийн ангилалд олон улсын их мастер М.Нямжаргал 8 оноотой IX, хөвгүүдийн ангилалд дэд мастер М.Шийравжамц 10 оноотой VIII, Ч.Бадамсамбуу 6 оноотой XXVII, охидын ангилалд спортын мастер М.Одгэрэл 10 оноотой VI, Г.Хэрлэнмөрөн 8 оноотой XVIII, дэд мастер С.Гандиймаа 6 оноотой XXIII байрт тус тус явна.
Тэмцээний сүүлийн 9 дэх өрөг өнөөдөр болж, ДАШТ-ий медальтнууд тодорно. Тэмцээний албан ёсны сайт болох www.dabki2014.pl болон http://mondaam.mn-с мэдээллийг аваарай.
Ч.БОЛОР