Ичиножёо Японы шилдгээр тодров

Хуучирсан мэдээ: 2014.12.22-нд нийтлэгдсэн

Ичиножёо Японы шилдгээр тодров

Японы спортын “Хочи” сонины газраас жил бүр шилдэг мэргэжлийн тамирчдыг шалгаруулдаг уламжлалтай.

Тус сонингийн газраас 2014 оны шилдгүүдээ тодруулжээ.

Мэргэжлийн сүмогийн дэвжээнд энэ жил анх удаагаа барилдаж, сэкивакэ хүртэл дэвшсэн түүхэн амжилт үзүүлсэн Ичиножёо А.Ичинноров “Шилдэг шинэ тамирчин” шагнал хүртэхээр болжээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гаригт Токиод болсон юм. Ичиножёо “Үнэн гэж үү. Спортын бүх төрлийн тамирчдаас шалгарч байгаа юм уу. Үнэхээр баяртай байна” гэж ярьжээ.

“Хочи” сонингийн газраас “Энэ жилийн нэгдүгээр сард мэргэжлийн сүмод элсэн орж, 11 сард нь сэкивакэ цолтой болно гэдэг гайхалтай амжилт. Сүмо бөхийн нэр хүнд сэргэн мандахад үзүүлж байгаа нөлөө нь үгээр илэрхийлэхийн аргагүй их” хэмээн шагнал гардуулах болсон шалтгаанаа тайлбарлалаа. Залуу бөхийн амжилт арлын орны зар сурталчилгааны салбарын анхаарлыг ч татаж байна. Японы рамён хоолны “Ояцү” компани түүнийг телевизийн сурталчилгаандаа тоглуулахаар сонгожээ. Зураг авалт удахгүй эхлэх бөгөөд сурталчилгааг ирэх оны хоёрдугаар сараас орон даяар цацах аж. Анхныхаа сурталчилгаандаа тоглохоор болсон Ичиножёо “Эндо дандаа зурагтаар сурталчилгаанд гарч байдаг болохоор би ч гэсэн ганц удаа гарах юмсан гэж боддог байлаа. Хурдхан зураг авалт эхлээсэй” хэмээн ярьжээ.

Сонирхуулахад, тэрээр саяхан цолны найраа хийсэн бөгөөд уг ёслолд мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какүрюү тэргүүтэй 300 гаруй зочин оролцсон байна. Ичиножёо цолны найран дээрээ “Ирэх 2015 оны зорилго бол озэки цол авч, анхныхаа тэмцээнд түрүүлэх” гэжээ.

Б.ЗУЛ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж