Эр бяр, хүч чадлаараа Монголын ард түмний хайр, хүндэтгэлийн эзэн болж чадсан аварга Д.Сумъяабазар энэ жилийн баяр наадмаар зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирэх бололтой. Аварга 2006 оны баяр наадамд түрүүлж, 2007, 2008 онд дараалан зургаа давснаасаа хойш Үндэсний их баяр наадамд зодоглоогүй байгаа юм. Тэгвэл бэртэл гэмтэл, хувийн бизнес, улс төрийн карьер гээд хэсэг хугацаанд бөхийн амьдралаас “чөлөө авсан” Д.Сумъяабазар аварга сонинд өгсөн ярилцлагадаа “Энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Ардын хувьсгалын 90, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил гээд олон ой тохиож байна. Тиймээс наадамдаа барилдах бодолтой байгаа. Тухайн үед биеийн байдал, бэртэл гэмтэл эдгэвэл зодоглох бодолтой байна” хэмээжээ.
Бөх сонирхогчдыг баярлуулсан энэ мэдээг аваргын ойр тойрынхон ч “баталж”, өнгөрсөн өвлөөс бэлтгэлээ сайн хийж байгаа гэсэн үгээр чимэв.
Агваансамдангийн Сүхбат, Долгорсүрэнгийн Сумъяабазар, Баянмөнхийн Гантогтох…Үндэсний бөхийн торгон дэвжээнд үгүйлэгдэж байгаа энэ эрсийг бөх сонирхогчид хэчнээн үгүйлж байгааг болгооно биз дээ, эрхэм аварга.
М.Урин