Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын дарга О.Магнай дөнгөж сая ажлаа хүлээлгэж өгсөн талаараа мэдээлэл өглөө.
Тэрбээр яг одоо ШӨХТГ-т хэвлэлийн бага хурал хийж байгаа бөгөөд ажлаа хүлээлгэж өгөх болсон шалтгаанаа "Ардчиллыг уландаа гишгэж, дэд сайдын албан тушаалыг наймаалцсан Засгийн газарт ажиллаж чадахгүй. Би Шадар сайд У.Хүрэлсүхтэй хамтарч ажиллаж чадахгүй" хэмээн тайлбарлав. ШӨХТГ-ыг удирдаж асан О.Магнай мөн энэ үеэр тус байгууллагыг удирдсан хугацааныхаа ажлыг тайлагнаж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын дарга О.Магнай ажлаа хүлээлгэн өгөхөөр шийдсэн байна. Ямар шалтгааны улмаас тэрээр ийм шийдвэрийг гаргасныг тодрууллаа.
-Ямар шалтгааны улмаас Та ажлаа өгөхөөр шийдсэн юм бэ?
-Нэгдүгээрт, шинээр байгуулагдсан Засгийн газар ардчиллын үнэт зүйлсийн эсрэг шийдвэр гаргаж, ямар ч сөрөг хүчингүй байгуулагдлаа. Бидний байгуулж байгаа нийгэм бол сөрөг хүчинтэй сөрөг хүчин нь засгаа хянадаг байх ёстой юм. Зарим намыг дэд сайдын албан тушаал амлаж оруулж ирж байгаа нь хуйвалдаан дээд цэгтээ тулсныг харуулж байна. Энэ бол миний итгэл үнэмшил, зарчимтай огтхон ч нийцэхгүй байгаа юм. Хоёрдугаарт, Шадар сайд У.Хүрэлсүх гэдэг хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй. Бидний үнэт зүйл, зарчим, ёс суртахуун таарахгүй. Гэхдээ манай агентлаг бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд байдаг агентлаг гэдгийг онцолмоор байна. Манай нийгэмд дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү аюултай гэдэг үг өнөөдөр бодит утгаараа биелэлээ олж байна.
-Та өнгөрсөн хугацаанд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бэ?
-Би өнгөрсөн 2.4 жилийн хугацаанд ажиллахдаа 6000 гаруй иргэдийн өргөдөл гомдол хүсэлтийг бүрэн шийдсэн. Нэг өдөрт 10 өргөдөл, гомдлыг шийдэн, 1100 хяналт шалгалт явуулж, хууль бусаар олсон 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцаан олгуулсан. Мөн Архи согтууруулах ундааны хууль бус сурталчилгааг бүрэн зогсоож, СӨХ-ны Дээд зөвлөлийг мөнгө хураадаг үйлдлийг болиулсан, орон сууцны метр квадратын зөрүүгээс хохирсон иргэдэд нэг тэрбум орчим төгрөг буцаан олгуулсан байна. Нефть импортлогчдод хариуцлага тооцон ажиллаж, ярианы төлбөрийг секундын горимд шилжүүлсэн, нийтийн бие засах газрууд болон томоохон захуудад орох төлбөрийг үнэ төлбөргүй болгосон гээд ажлуудыг хэрэгжүүлжээ. Ер нь асуудал гармагц хүн бүр О.Магнайд тэр тусмаа ШӨХТГ-т гомдол гаргаж хохирлоо барагдуулъя гэдэг болсон байх.
Д.ЖАРГАЛ