Н.Оюунбат: 16 дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Н.Оюунбат: 16 дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

-Хүүхдийн спортын наадмын хүрээнд 16 дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо-

Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан хүүхдийн спортын IV наадам болж өндөрлөсөн талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг наадмыг зохион байгуулах хорооны гишүүн, Биеийн тамир, спортын хэлтсийн дарга Н.Оюунбаттай ярилцлаа.

-Хүүхдийн спортын наадам болж өнгөрлөө. Зохион байгуулах хорооны гишүүний хувьд наадмыг дүгнээд хэлбэл?

-Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор хүүхдийн спортын IV их наадам дөрвөн үе шаттай болж өндөрлөлөө. Өсвөрийн тамирчдыг спортод өргөнөр хамруулах, хүүхдүүдийн бие бялдарыг хөгжүүлэх, 2012 онд Инсбурк хотод болох өвлийн спортын өсвөрийн анхдугаар олимп, Наньжинд болох өсвөрийн тамирчдын зуны спортын хоёрдугаар наадамд оролцох тамирчдыг нээж илрүүлэх гэсэн хэд хэдэн зорилттой болсон. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон энэ удаагийн наадмын зохион байгуулах хорооны даргаар ажиллалаа. Үндсэн 10, сонгох 14 төрлөөр наадмыг зохион байгуулсан тухай өмнө нь мэдээлсэн. Мөн өвлийн болон зуны гэсэн хоёр ангилалтайгаар наадам маань болсон байгаа. Ер нь бол ихэнх тэмцээн уралдааныг Орхон аймаг хүлээж авсан. Зохион байгуулалтын тал дээр маш их туслалцаа үзүүллээ. Тиймээс тус аймгийн Засаг дарга болон БТСГ-ынхан, хамтран ажилласан бүх байгууллагад талархлаа илэрхийлмээр байна.

-Өвлийн спортын тэмцээн хэр өргөн хүрээтэй болсон юм бол?

-Нэлээд өргөн хүрээтэй болсон гэж бодож байгаа. Ялангуяа энэ удаагийн наадмын өвлийн спортын төрөлд хөдөө, орон нутгийнхан маань нэлээд идэвхтэй оролцсоныг дурдах хэрэгтэй. 17 байгууллагын 170 орчим тамирчин өвлийн спортын тэмцээнүүдэд оролцсон. Энгийн жишээ хэлэхэд “Хангарьд” ордны тэшүүрийн талбайг маш сайн зассан. Орхон аймгийн Онцгой байдлын хэлтэс, Зэвсэгт хүчний 186 дугаар анги, Эрүүл мэндийн газар гээд маш олон байгууллага сэтгэлээрээ тусаллаа.

-Мэдээж зуны спортын наадмыг орхигдуулж болох байх?

-Тийм шүү. Хамгийн өргөн хүрээг хамарсан төрөл нь зуны спорт байлаа. 14 төрөлд 182 зай

-Наадмын онцлог нь юу байв?

-Хүүхдийн спортын наадмын бэлгэдэл, лого, мандат, маскот зэрэг нь бүгд өөр өөрийн гэсэн агуулгатай байлаа. Медалийн оосор гэхэд л цэнхэр өнгөтэй байх жишээтэй. Үүгээрээ нэлээд онцлог байсан юм болов уу. Спортын 24 төрөлд зохион байгуулсан нь хамгийн гол онцлог. Яагаад гэвэл өмнө нь ийм олон төрлөөр зохиож байсангүй.

-Үндсэн 10 төрөл гэж ангилаад байгаа нь ямар учиртай юм бэ?

Засгийн газрын тогтоолоор мөнгөн шагналтай арван төрөл бий. Үүнийг үндсэн гэж нэрлээд байгаа юм. Энэ удаагийн наадмын Засгийн газрын мөнгөн шагнал 184.480 мянган төгрөг болсон байгаа. Нийт 200-600 мянган төгрөгийг эхний гурван байрыг эзэлсэн тамирчид авсан. Хэдийгээр шагнал урамшуулалгүй ч гэсэн сонгон оролцох тэмцээнээс самбо, 100 буудалт даам, тэквондогийн төрөлд хамгийн олон тамирчин оролцсон. Энэ нь яалт ч үгүй зохион байгуулагч нартай нь холбоотой байх. Ер нь бол наадмын хүрээнд тухайн спортын холбоод нь олон шинэлэг ажлыг зохоин байгуулсан. Тухайлбал, ширээний теннисний холбоо нь бүх шүүгч нараа семинарт хамрууллаа. Бид зөвхөн тэмцээнд оролцож байгаа тамирчдыг шагнаагүй. Яагаад гэвэл сургууль, тухайн аймгийн Биеийн тамир, спортын хороод тамирчдаа маш сайн зохион байгуулсан. Тийм учраас тэднийг ч гэсэн тодорхой хэмжээгээр урамшуулах хэрэгтэй. Үүний нэг жишээ нь нийт 30 сургуулийг шалгаруулж урамшуулсан.

-Тэмцээний хамгийн хамгийнаас манай сонины уншигчдад дуулгавал сонин байх?

-Сэлэнгэ аймгаас эхэлмээр санагдлаа. Яагаад гэвэл тус аймгийн Засаг даргын тамгын газраас уг наадамд зориулж 45 сая төгрөг гаргасан юм билээ. Үүгээрээ хамгийн их хөрөнгө гаргасан аймаг болж чадсан. Тэгвэл хүүхдийн спортын наадмын хүрээнд нийт 16 дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Бас л өмнөх наадмуудад үзүүлж байгаагүй өндөр амжилт. Булган аймгийн нэг тамирчин гурван зайд түрүүлж алтан медалийн эзэн болсноор 18 сая төгрөгийн эзэн болсон. Мэдээж энэ наадмын өвөрмөц амжилтад зүй ёсоор тооцогдож байна. Нийт 90 гаруй хүүхдийг энэ наадам хамарсан. Энэ мэтчилэн дурдаад байвал олон зүйл гарч ирэх байх л даа.

-Наадмын зорилго нь ирэх онуудад болох өвөл, зуны хүүхдийн олимпод оролцох тамирчдыг сонгох гэж хэллээ. Тэгвэл өсвөрийн шигшээ багийг бүрдүүлэх боломжтой гэсэн үг үү?

-Тийм ээ. Боломж бий. Юун түрүүнд Инсбурк болох өвлийн спортын өсвөрийн анхдугаар олимпод оролцох тамирчдыг тодруулсан гэдгийг хэлмээр байна. Дараа нь мэдээж Наньжинд болох хүүхдийн II олимпийн наадамд оролцох хүүхдүүдийг сонгон шалгаруулна. Үүнээс гадна аймаг бүр дэргэдээ өсвөрийн шигшээ багтай болох боломж байгаа гэдгийг энэ дашрамд хэлэх нь зүйтэй болов уу.

-Нэг сар гаруйн дараа манай улсад Азийн спортын менежментийн VII хуралдаан Улаанбаатарт болно. Энэ хурлын бэлтгэл ажил хэр явцтай байна вэ. Сүүлийн үеийн шинэ мэдээлэл юу байна вэ?

-Монголд анх удаа болох гэж байгаа энэ хурал эхлэхэд цөөхөн хоног үлдсэн байна. Бэлтгэл ажлаа хэдийнэ эхэлсэн. Ер нь бол хийх ажил нэлээд их бий. Уг хурлыг зохион байгуулахад Монголын оюутны спортын холбоо нэлээд тус хүргэж байгаа. Албан ёсоор 14 орны эрдэмтэн, судлаач манай улсад ирэхээр албан ёсоор мэдүүлгээ ирүүлсэн. Хурал маань “Чингис хаан”, “Улаанбаатар” зочид буудлуудад болох юм.

-Хуралдааны хөтөлбөр батлагдсан уу?

-Урьдчилсан байдлаар хөтөлбөр гаргасан. Хурал дээр тавигдах бүх илтгэл англи дээр гэдгийг анхааруулж байгаа.

-Зочид манай улсад хэд хоног саатах вэ. Иймэрхүү томоохон арга хэмжээнд гадны гийчдэд улсаа сурталчлах хөтөлбөр багтсан биз дээ?

-Мэдээж багталгүй яах вэ. Зочид тав хоногт нийслэлд саатах юм. Хамгийн түрүүнд Биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээнд зочид оролцоно. Долдугаар сарын 11-нд зочдодоо наадам үзүүлж, улсынхаа түүх соёл, ёс заншлаа сурталжлах нэг өдрийн арга хэмжээ бий.

Ц.Баатар

Зохиогчийн эрх: “Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж