Сошиал ертөнцтэй холбогдсоноос хойш монголчуудын амьдралд олон зүйл өөрчлөгдөж, олон ч зүйлийг өөрөөр хардаг дүгнэдэг болжээ. Бидний хэд нь өдөржин “жиргэж”, хэн нэгнийг шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлж, бас нийгэмд болж байгаа юмс, үзэгдлийг “илчилж” суугаа вэ гэдгийг судлаад гаргаж ирсэн тоо баримт хараахан алга. Гэхдээ ямар ч байсан Монгол Улсын гурван сая хүн амын тал хагас нь твийттер, фээсбүүкийн үнэнч хэрэглэгчид болсон. Гэхдээ мэдээж аливаа юм жин бан нь таарах тусмаа сайхан. Фээсбүүк, твийттерт донтотлоо “дурлавал” өвчин болох дамжиггүй.
Чихэр хүртэл хэтрэхээрээ өвчин болдог нь худлаа биш. Тиймээс твийттер, фээсбүүкийн донтонгууд олширч, нийгэмд сөрөг хандлага ажиглагдаж буйг ч сэтгэл судлаачид онцолдог. Ялангуяа твийттерийн хэрэглэгчдийн хувьд хэн нэгнийг гүтгэх, бусдыг доромжлоход багагүй цаг хугацаагаа зарцуулж буйг нь мэргэжлийн эмч нэр “эмгэг” хэмээн тодорхойлж байна. Фээсбүүк хэрэглэгчдийг сэтгэл зүйчид мөн л гурав ангилж байна. Нэгдэх нь донтонгуут. Фээсбүүкгүйгээр амьдарч чадахаа байтал донтсон, хэн нэгний лайкаас хамааралтай болсон нөхдүүд олширч буй нь тэдний сэтгэхүйн нэг эмгэг үзэгдэл гэдгийг онцолж байна. Манай фээсбүүкчид дунд бүх л амьдралаа бусдад дэлгэн түүнээсээ кайф аван амьдардаг хүмүүс олширсон. Энэ нь бас сэтгэхүйн өвчин, өөрөөр хэлбэл бусдад таалагдах гэсэн нэг эмгэг гэнэ. Тэгвэл зарим нь фээсбүүкийн үзэл бодлоо илэрхийлэх, мөн бусдаас мэдээлэл авах, мэдээлэл түгээх салбар болгон ашигладаг. Үүнийг зохистой хэрэглэгчид гэж олон улсын сэтгэл судлаачид дүгнэжээ.
Харин сошиал ертөнцийг нийгмийг эрүүжлүүлэх боломж, бусадтай мэдээлэл хуваалцах талбар гэж үзвэл эерэг үзүүлэлт цөөнгүй.
Учир нь хэн нэгний балмад авир, нийгэмд гаргаж байгаа хандлагыг фээсбүүк, твийттерээр ил цагаан шүүмжлэх болсоор монголчуудын биеэ авч яавах байдал өөрчлөгдсөн гэдгийг нэгэн сэтгэл судлаач ярьсан.
Нүүдэлчин ахуйгаас салаад удаагүй, зарим нэг нь хотжоод хэдхэн жил болж байгаа монголчуудад нэг том дутагдал бий. Тэр нь гудамж талбайд нус, цэрээ чөлөөтэй хаяхаас гадна, машиныхаа цонх, гэрийнхээ хаалгаар хогоо хээв нэгхэн чулууддаг, ил цагаанаар гудамжид “морь хардаг” явдал сүүлийн үед багассан нь нэг талаар монгол залуучуудын сэтгэлгээнд өөрчлөлт гарч байгааг хэлэх нь зөв ч бас үүнд фээсбүүк, твийттерийн гавъяа багахан ч гэсэн бийг дурдах нь зөв байх.
Сошиал ертөнцийн соёлын довтолгоо монголд хүчтэй өрнөж байна. Үнэндээ энэ том зэвсэгийг буруугаар ашиглавал маш том асуудал дагуулах нь гарцаагүй. Харин үүнийг зөвөөр ашиглаж чадвал нийгэмд байгаа зарим сөрөг үзэгдлүүдэд хяналт тавих, өөрөөр хэлбэл, монголчуудыг олон нийтийн газар ядаж л биеэ зөв аваад явчих хэмжээний соёлд хөтлөх юм.
Нэгэн настай эмгэн нөөтбүүк хулгайлсан явдлыг сошиал ертөнцөд тараасан нь “урт гарт”-нуудад том сургамж болсон. Учир нь тэд хэн нэгний юмыг хулгайлахдаа айдаг, ядаж л аль нэг газраас “аппарат” өөрийг нь чиглэж байх вий гэдгээс эмээдэг болсон шүү дээ.
Сургуулийн охид зодолдсон дуулиан мөн л дунд сургуулийнханд “ингэвэл” ичгэвтэр байдалд орно шүү гэсэн анхааруулга болсон гэдэгт мөрийцсөн ч алдахгүй юм. Тэгэхээр соёлын довтолгоо болсон сошиал ертөнцийг яаж ашиглахаас энэ нийгэмд үзүүлж буй үр дүн харагдах юм.
Тиймээс фээсбүүк, твийттерийг хэрэв “зэвсэг” гэж үзвэл буруугаар ашиглавал хүний аминд хүргэж, бас хэн нэгнийг гэмт хэрэгтэн болгох аюултай. Харин зөвөөр ашиглаж чадвал та бидний өдөр тутамд тулгардаг асуудлыг шийдэх боломж болж хувирах юм. Яаж, ямар зэвсэг болгон хэрэглэх нь таны л асуудал. Сошиал ертөнц хэмээх соёлын довтолгоонд өртсөн монголчуудын хувьд өнөөхөндөө шинэ ч дараа нь асуудал үүсгэх гажиг үзэгдэл болж магадгүй юм. Хамгийн гол хэрэглээгээ л зөв тохируулах шүү гэдгийг сануулчихад гэмгүй биз.
Б.ХОНГОР