-Сар бүр хүүхдэд олгодог 21 мянган төгрөгийг зөвхөн зорилтот хэсэгт хүргэхийг Ерөнхий сайд дурдлаа-
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ. Тэрхүү мэдээллээр энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар инфляци 11.5 хувьтай гарсан бол улсын өр 11.5 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ний 53 хувьтай тэнцжээ. Тиймээс ойрын хугацаанд өөрчлөлт хийж, өнөөгийн хүнд байдлыг зохицуулахгүй бол улс орон дампуурах хэмжээнд хүрэх гэнэ. Мөн удахгүй Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд тэр нь шилжилтийн үеийн зохицуулалттай байх аж. Тухайлбал, сар бүр хүүхдэд олгодог 21 мянган төгрөгийг зөвхөн зорилтот хэсэгт хүргэнэ, 0-18 хүртэлх насны хүүхэдтэй ээжид одонгийн мөнгө өгнө, шатахууныг “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрөөс гаргана, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний зардлыг одоогийн төвшингөөс бууруулахгүй ч эцэг, эхчүүдээс хоолных нь мөнгөний 50 хувийг авч чанарт анхаарна. Мөн эмч, багш нараас бусад төрийн албан хаагч нарын тоог бууруулж 10 мянган хүнийг чөлөөлөх шаардлага бий. Гэхдээ энэ хэмжээний хүнийг ажлаас нь чөлөөлөх үү, эсвэл хямралын үед авч үлдэх үү гэдэг шийдлийг гаргахын тулд УИХ-ын гишүүдийн саналыг сонсох нь чухал аж.
Түүнчлэн орлогоороо өөрийгөө нөхөөд явах боломжтой төрийн өмчит компанийг аж ахуйн тооцоонд шилжүүлнэ, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгтгэж заримыг нь их сургуульд нэгтгэнэ. Зам тээврийн яамыг Цөмийн энергийн газар луу шилжүүлж, байрыг нь эмнэлэг болгох зэрэг арга хэмжээг ирэх онд хэрэгжүүлэх аж.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Ганбат хямрал ямар хэмжээнд байгаа, засгийн газрыг яагаад хэтэрхий данхайлгачих вэ гэдэгт хариулт өгөхийг хүслээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Хямралын хувьд төлбөрийн тэнцлийн хямрал нүүрлэсэн, санхүүгийн хямрал ойрхон болсон учраас урьдчилан сэргийлж авах ёстой арга хэмжээгээ авна. Хямралтай үед 10 мянган хүнийг гудамжинд гаргаад ажилгүйдлийн тэтгэмж олгоход Засгин газар бэлэн ч УИХ-ын байр суурийг сонсох шаардлагатай байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Төрийн албан хаагчдыг 15 хувиар цомхотгоно гэсэн, үүнийгээ дэд сайдаасаа эхлүүл. Юун түрүүнд хоёр дэд сайдаа хасчих, нэг яаманд хоёр дэд сайд хэрэггүй. Ардын намтай байгуулсан гэрээнийхээ дагуу ажилла. Хөрөнгө оруулагчид хэнд итгэдэг вэ, хэлсэн ярьснаа хийдэг хүнд л итгэдэг. Засгийн газарт хамтарсан Ардын намынханд амласнаа биелүүлж чадахгүй байхад хөрөнгө оруулагчид танд итгэх үү. Хүүхдэд өгөх мөнгөн дээр хэмнэлт битгий гарга. Цалин, нэмэхгүй гэж байгаа бол түүнийгээ одоо хэл” гэв.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Дэд сайдын хувьд дахин, дахин хөндөх цаг биш, цаашаа ажлуудаа яръя. Хоёр намын тохиролцоон дээр үүргээ биелүүлээгүй юм байхгүй” гэсэн хариулт өглөө.
Чуулганы хуралдаан үргэлжилж, Ерөнхий сайд гишүүдийн асуултад хариулт өгч байна. Уг хуралдаанд мөн Засгийн газрын сайдууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.
Г.ДАРЬ