ДОХ-ын вирустай хүүг тусгаарлах хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2014.12.19-нд нийтлэгдсэн

ДОХ-ын вирустай хүүг тусгаарлах хүсэлт гаргажээ

 

Хятадын Сичуань мужид орших тосгоны иргэд ДОХ –ын вирустай найман настай хүүг тусгаарлах хүсэлт албаныханд ирүүлжээ. Нийт 203 хүн гарын үсэг зурсан бичигт оршин суугчдын эрүүл мэндийг хамгаалахын тулд Кун Куныг өөр тосгон руу шилжүүлэх эсвэл хөл хорихыг шаардсан байна. Түүнлэн энэ бичигт Кун Куны өвөө нь гарын үсэг зуржээ. Тосгоны намын нарийн бичгийн дарга Ван Ешу “Хүн бүхэн л хүүг өрөвддөг. Гэхдээ ДОХ-оос болж түүнээс маш их айж, зайгаа барьцгаадаг. Бид түүнтэй яаж харьцахаа мэддэггүй” хэмээсэн байна. Тосгоныхон хүүтэй ойртвол ДОХ халдварлана хэмээн айж, зарим нь бүр “цагтай тэсрэх бөмбөг” гэж нэрлэдэг аж. Үүний зэрэгцээ Кун Куны тухай Хятадын цахим ертөнцөд хүчтэй шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнөхөд зарим хүмүүс тосгоныхны аюулгүй байдлыг бодож хүүг хөл хорихыг дэмжсэн байна.

 

Тосгоныхондоо адлагдсан Кун Кун хүүгийн ээж нь хөл хүнд байхдаа ХДХВ-ын халдвар авсан аж. Харин Кун Кунд ДОХ-ын вирус таван настай байхад нь илэрсэн байна. Өдгөө тэрээр хойд эцгийнхээ аав, ээжтэй хамт ээжээсээ тусдаа өөр тосгонд амьдардаг гэнэ. Кун Кун сургуульд явдаггүй бөгөөд голдуу гэртээ өнжиж, ойд ганцаараа тоглодог аж.

 

Хятадад ДОХ/ХДХВ-ын халдвартай иргэдийг гадуурхан, гэмт хэрэгтэн мэт үзэх нь элбэг байдаг гэнэ. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард ХДХВ-тай хоёр зорчигчийг Хятадын иргэний агаарын тээврийн компани онгоцоор нисэхийг зөвшөөрөөгүйгээс шүүхэд дуудагдсан хэрэг гарч байжээ.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр Хятадад ХДХВ-ын халдвар  авсан хүний тоо 800 мянга орчим болжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж