Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Avon” компани Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ шууд худалдаалахын тулд авлига өгчээ. “Avon” –ны Хятад дахь охин компани 2004-2008 оны хооронд шууд худалдааны лиценз гаргуулахын тулд холбогдох албаныханд найман сая ам.долларын авлига өгсөн байна. “Avon” компанийн хууль бус үйлдлийг АНУ-ын хамгаалалт ба солилцооны комиссоос шалган тогтоож, 135 сая ам.доллараар торгосон байна.
“Avon” компани шууд худалдааны хоригийг цуцлуулахын тулд Хятадын албаныхны АНУ, Европт аялах онгоцны тийзийг дааж, “Louis Vuitton”, “Gucci”, “Tiffany” зэрэг брэндийн цүнх, үзэг, бусад бүтээгдэхүүнийг бэлэглэж, Хятадын теннисийн нээлттэй тэмцээний тасалбарыг хүртэл авч өгсөн гэнэ. Энэ бүхний зардлыг компанийн ажилчид, гэрээт борлуулагчдын нэр дээр бичсэн байжээ. Мөн компанийн нэр хүндэд халтай сөрөг мэдээллүүдийг хаахын тулд авлига өгч байсан нь ч илэрсэн байна. Хятадад шууд худалдааг 1998 онд хориглосон байв. Гэвч хоригийг цуцалсны дараа 2006 онд “Avon” компани хамгийн түрүүнд Хятадад шууд худалдааны лиценз эзэмшигч болсон аж.
Жилийн орлого нь 10 тэрбум ам.доллар хүрдэг “Avon” компани гоо сайхны бүтээгдэхүүний хамгийн том шууд худалдаа эрхлэгч юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС