“Next Stop” залуучуудын харшийн сүлд модны наадам, “Оны залуу” тодруулах ёслол өчигдөр Crocus event hall-д боллоо. Монгол Улсын анхны ерөнхийлөгчийг “Тансаг шинэ жил” хэмээн дуун алдуулсан энэхүү наадмын үеэр тухайн оны шилдэг улстөрч, эдийн засагчийг тодруулан өргөмжилдөг онцлогтой. “Next Stop”-ын “Оны залуу”-гийн нийгэм, улс төрийн салбарт 49, эдийн засаг бизнесийн салбарт 39 эрхэм нэр дэвшин өрсөлдсөн юм. Тэднээс 2014 оны нийгэм, улстөрийн салбарын “Оны залуу”-гаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, бизнес эдийн засгийн салбарын “Оны залуу”-гаар UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин нар шалгарлаа.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монголын Залуучуудын Холбоо, Залуу удирдагч сангаас 22 дахь жилдээ зохион байгуулж буй “Next stop” ёслолд оролцсон юм.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2014 оны нийгэм, улс төрийн оны залуугийн нэрийг зарлахын өмнө тус ёслолын нийт оролцогчдод баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Олон нийтийн санал дээр үндэслэн “Залуу удирдагч” сангийн гишүүд, Монголын Залуучуудын Холбооны удирдлагын багийнхан болон өмнөх жилүүдэд шалгарч байсан шилдгүүдийн саналаар шалгаруулалтын дүнг гаргасан. Энэ оны нийгэм, улс төрийн оны залуугаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр шалгарч, Улсын Их Хурлын дарга З.Энхболд шагналыг нь гардуулав. Мөн эдийн засаг, бизнесийн салбарын оны залуугаар “UFC” группийн ерөнхийлөгч О.Амартүвшин тодорсон юм.
Монголын Залуучуудын Холбоо, Залуу удирдагч сан хамтран 1992 оноос жил бүр улс төр, нийгмийн зүтгэлтэн, бизнесмэн залуусыг шилдгийг тодруулдаг уламжлалтай. Энэ удаагийн ёслолд төрийн түшээд, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэнүүд, урлаг, спортын салбарын төлөөлөл, бизнесийн салбарын шилдгүүд, 21 аймгийн манлайлагч залуус оролцсон юм.
Д.ЦЭЭНЭ