В.Путин: Хүнд байдлаас гарахад хоёр жил хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2014.12.19-нд нийтлэгдсэн

В.Путин: Хүнд байдлаас гарахад хоёр жил хэрэгтэй

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сэтгүүлчидтэй хийсэн уулзалт цаг хугацаа, сэдвийн хязгаарлалтгүй болж өнгөрлөө.

 

 

Владимир Путин төрийн тэргүүнийхээ хувьд арав дахь удаагаа сэтгүүлчидтэй уулзлаа. Энэ уулзлт нь санхүү, эдийн засгийн эрс эргэлт, олон улсын байдлын өмнө байгаагүй ер бусын цаг үед боллоо. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр, уулзалтын өмнө бүртгүүлсэн 1259 сэтгүүлч бүгд Путинд асуулт тавих хүсэлтээ илэрхийлсэн байжээ.  Сэтгүүлчдийн бүртгэлд ямар нэгэн хориг тавиагүй гэнэ.

ОХУ-ын ерөнхийлөгчтэй ярилцах сонирхлоо оросын сэтгүүлчдээс гадна Япон, АНУ, Иран, Герман, Франц, Румын, Беларусь, Швед, Израиль, Хятад, Испани, Польш, Азербайжан, Вьетнам, Их Британи зэрэг орны сэтгүүлчид илэрхийлсэн байлаа. Хэвлэлийн бага хурал Краснопресненскийн эрэг дэх Олон улсын худалдааны төвийн байранд боллоо. Англи, франц, герман хэлээр шууд орчуулгатайгаар уулзалт явагдлаа. Сэтгүүлчид бүртгэлийнхээ  энгэрийн зүүлтийн хамт экологийн цэвэр материалаар хийсэн ууттай тэмдэглэлийн дэвтэр, хоёр харандаа, “Оросын бахархал” гэсэн 2015 оны хуанлиг бэлгэнд авчээ.

 

 

Владимир Путин урьдатгал үгэндээ, энэ оны эхний арван сард ОХУ-ын ДНБ-ий өсөлт 0,6-0,7 хувь байна гэв. Санхүүгийн зах зээлийн турболентность байгаа ч гэсэн холбооны 2014 оны төсвийн орлого нь зарлагаасаа 1,2 их наяд  рублиэр давж байна.  Энэ нь ДНБ-ий 1,9 хувь болж байна гэж хэлэв. Өнөөдрийн байдлыг гадаад хүчин зүйл өдөөсөн гэж тэр хэлээд мөн олон зүйлийг өөрсдөө хийгээгүй гэв. 

 

 

Өнөөгийн эдийн засгийн хүнд байдлаас гарах, улмаар эдийн засгийн өсөлт зайлшгүй гээд "хамгийн таагүй нөхцөлөөр аваад үзэхэд үүнд хоёр жил хэрэгтэй" гэж тэр хэллээ. Ирэх оны нэгдүгээр улирлаас байдал сайжирч эхлэхийг Путин үгүйсгэсэнгүй. Гэхдээ олон зүйл тодорхойгүй байна гэдгийг тэр сануулав. Өнөөгийн байдлаас гарахын тулд 2008 онд амжилттай хэрэглэсэн аргаа дахин ашиглах боломжийг үгүйсгэсэнгүй. Энэ тохиолдолд шаардлагатай хүмүүст туслахад анхаарах, бүхий л төлөвлөсөн үзүүлэлтээ нийгмийн асуудлаар биелүүлэх хэрэгтэй гэж Путин тэмдэглэв. Эрчим хүчний биш бодит бизнесийг бүтээх нь эрчим хүчний салбар том ашиг өгч байгаа нөхцөлд Орост амаргүй гэдгийг Путин хэлэв.

 

 

“Берлиний шинэ ханыг өнөөдөр босгож эхлээгүй. НАТО зүүн тийш тэлж байгаа, пуужингийн довтолгооноос хамгаалах систем бүтээж байгаа нь манай түншүүд зогсоогүй, өөрсдийгөө ялагчид, эзэнт улс гэж үзэж буйг харуулж байна. Хямралт байдлаар Оросын барьж буй хатуу байр суурь нь аюулгүй байдлын нийтлэг орон зайг бүтээх зорилгоор хийгдэж байгаа юм”  хэмээн Путин хэлэв.

 

Путин өнөөгийн эдийн засгийн байдлыг Крымын төлөөх шийтгэл биш гэж үзэв. Энэ бол нэгдмэл үндэстэн байх бидний эрмэлзлэлийн төлөөх төлбөр юм. Украины зүүн нутагт Киевийн засаг захиргаа төрийн эргэлтийн дараа цээрлүүлэх ажиллагаа явуулж байна. Орос Украины улс төрийн яриа хэлэлцээрт зуучлагч байхад бэлэн гэж Путин мэдэгдэв. Сэтгэлийн дуудлагаар өөрийн үүргээ Украины зүүн хэсэгт биелүүлж яваа хүмүүс бол хөлсний цэрэг биш. Үүнийхээ төлөө тэд мөнгө хөлс авдаггүй. Харин Орост мөрдөн байцаагдаж байгаа украины цэргийнхний талаар Путин хэлэхдээ, тэднийг террорын хэргээр мөрдөн байцааж байгаа гэв. Украины нисгэгч эмэгтэй Савченко орос сэтгүүлчдийг буудахад гал чиглүүлж байсан хэргээр мөрдөгдөж байгаа. Хэрэв түүний гэм буруутай нь нотлогдвол шийтгэгдэх болно. Харин гэм буруутай биш бол шууд суллагдана гэлээ.

 

 

Европын хувьд Оросын хий шиг хямд найдвартай зүйл үгүй. Ойрын  ирээдүйд ч орлох зүйл харагдахгүй байна. Хятадтай байгуулсан хийн гэрээ нь алдагдалгүй. Хятадтай гэрээ байгуулаагүйгээр Алс Дорнод, Сибирийг хийжүүлэх асуудал шийдэхгүй. Орос Дорно зүгт хандаж буй нь улс төрөөс хамаараагүй зөвхөн даяарчлалын эдийн засгийн байдлаас үүдэлтэй гэж Путин үзэв.

 

Сочийн олимпиаор хүссэн бүгдээ биелүүлж чадсан гэж Путин үзэв. Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нь Оросын хөгжилд нэмэлт шалтгаан болж байгаа учраас мөнгө, хөрөнгө зарлагдах нь харамсалтай биш гэж Путин онцоллоо.

 

Санхүүгийн өршөөл үзүүлэх нь хөрөнгийг буцаахад чиглэгдээгүй, түүнийг хууль ёсны болгоход чиглэгдсэн. Өршөөл үзүүлэх механизм одоогоор тодорхой болоогүй, өршөөлийн баталгааг тэр өөрөө хянах болно гэдгээ Путин хэлэв. Оросын бизнесийн хамгийн гол хамгаалагч нь хүчтэй Орос гэж Путин онцоллоо.

 

 

“Оросын Батлан хамгаалахын зардал 50 тэрбум ам.доллар, Пентагоны зардал түүнээс арав дахин их. Гэтэл та биднийг түрэмгий бодлого явуулж байна гэж хэлэх гээд байна уу. Улс орон бүр аюулгүй байдлаа хангах өөрийн замтай Яагаад бидэнд хориотой юм бэ?  гэсэн асуултыг ВВС-гийн сурвалжлагчаас Путин асуулаа.

 

Мөн тэрээр ерээд оноос хойш Оросын стратегийн онгоцнууд нислэгээ зогсоосон байсныг сануулаад тэр үеэс цөмийн зэвсэгтэй АНУ-ын онгоцууд нислэгээ хийсээр байсан гэлээ. Бид зөвхөн гурван жилийн өмнөөс эргүүлийн нислэгээ сэргээсэн гэж  Путин сануулсны дараа эрүүлэн тавьсан асуултдаа  хариу хэлсэн юм.

 

 

Рублийн  суурь ханш 17 хувь байгаа үед ипотекийг явуулах боломжгүйг Путин хэлээд банкууд ипотекийн зээлийн хүүг эргэн харахаар яарахгүй гэж найдаж буйгаа хэлэв.

 

Путин яриандаа Хятадтай худалдааны эргэлт 90 тэрбум доллар хүрснийг, мөн Туркийн ерөнхийлөгч Эрдоганы Оростой байгуулсан хийн гэрээндээ Барууны шахалтын өмнө хатуу зогссоныг онцоллоо. Мөн Шанхайн хамтын нийгэмлэг эхний зорилтоосоо бүтцийнхээ хувьд халих шаардлагатай нэгдэл боллоо гэв.

 

Кадыров Оросын хууль дүрмийг нутагтаа үл тоон террористуудын гэр орныг нураан шатаасан талаарх Ксения Собчакийн асуултад Путин хариулахдаа терроризм ба терроризмын  гар хөл бологчидтай хуулийн дагуу л тэмцэх ёстой гэлээ.

 

Оросын ерөнхийлөгч Тегераны  хамт Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдэхэд ажиллахад бэлэн гэлээ. Тэрээр Ираны талын уян хатан хандлагыг тэмдэглэв. Ерөнхийлөгч “Баатар эх” хүндэт цолыг Орост сэргээхэд  ямар нэгэн саад байхгүй гэв.

 

 

Путин улс орны удирдлагад алдаа “үргэлж байдаг” гээд ерөнхийдөө Төв  банк, Засгийн газар Оросын өмнө тулгарсан асуудлуудыг  шийдэж байгааг үнэлэв.

 

2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх талын асуудалд хариулахдаа, эхлээд олны хүндэтгэлийг авах ёстой. Түүний дараа л нэр дэвших эсэхийг шийднэ гэдгээ хэлсэн юм.

 

 

Ерөнхийлөгч Владимир Путин гурван цаг 10 минутын турш 39 сэтгүүлчийн асуултад хариуллаа. Өнгөрсөн жил тэрбээр хэвлэлийнхэнтэй дөрвөн цаг уулзсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж