Ардын жүжигчид олон улсын театрын хуралд оролцжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.18-нд нийтлэгдсэн

Ардын жүжигчид олон улсын театрын хуралд оролцжээ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Олон улсын Театрын Институтийн Монгол  дахь төвийн Ерөнхийлөгч АЖ С.Сарантуяа, тус төвийн Боловсролын хорооны тэргүүн АЖ, Төрийн соёрхолт Н.Сувд нар өнгөрөгч сард Армяны Ереван хотноо зохиогдсон Олон улсын Театрын Институтийн 34 дүгээр их хуралд урилгаар оролцоод иржээ. "Шинэ дуу хоолой, Шинэ үйл ажиллагаа, бидний ярих цаг” уриатайгаар явагдсан тус хуралд 47 орны төлөөлөгчид оролцож, өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлын тайлан, ололт, дутагдал, зэргийг хэлэлцэж шинээр удирдах зөвлөлөө сонгосноос гадна өнөөдөр дэлхий нийтийн уран бүтээлчдийн өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудыг хэлэлцжээ. Тухайлбал, Олон улсын театрын институтийн гишүүн орнуудын хамтын ажиллагааг яаж чиглүүлэхтэй холбогдсон уран бүтээлчийн бүтээн туурвих эрхийг тодотгосон хуультай байх, Олон улсын Театрын Институтийн гишүүн орны уран бүтээлчид хамтын үйл ажиллагаанд зорчиход визний асуудлыг нэгдсэн системд оруулж шийдэх, залуу уран бүтээлчийг дэмжиж, тэднийг мэргэшүүлэн боловсруулахад чиглэгдсэн үйл ажиллагаа /сургалт, семинари, фестиваль/ Олон улсын Театрын Институтийн төвүүдийн үйл ажиллагааг нэгдсэн нэг сүлжээнд оруулах зэргийг ярилцсан байна.

Олон улсын Театрын Институтийн гишүүн орнуудын алсын зорилгын нэг нь хамтын ажиллагааны үндсэн дээр  Олон улсын Театрын Институтээр дамжуулан өөрийн орны хөгжил, тэр дундаа урлаг соёлыг дэлхий нийтэд таниулж түгээн дэлгэрүүлэх байдаг. Олон улсын Театрын Институтийн Монгол дахь төвийн Боловсролын хорооны тэргүүн Н.Сувд Азийн урлагийн Их дээд сургуулиудын хүрээнд /Театр ба театрын боловсрол дахь шинэ урсгал/ сэдэвт фестиваль семинарыг 2016 онд Монголд хийх төслийг тус хорооны хурлаар батлуулж төлөвлөгөөнд оруулжээ.  Мөн Ерөнхийлөгч С.Сарантуяа УДЭТ-тай хамтран зохион байгуулдаг “Гэгээн Муза” ба “Театр-хүүхэд ирээдүй” олон улсын наадмыг  Олон улсын  фестивалийн форумд видео болон зурагт хэлбэрээр  танилцуулан хэлэлцүүлж, албан ёсоор Олон улсын наадмын бүртгэлд оруулж чаджээ. Түүнчлэн  Олон улсын Театрын Институтээс жил бүр эрхлэн гаргадаг "Дэлхийн Театр-2014" эмхэтгэл номонд Монголын УДЭТ-ын 2014 онд хийсэн онцлох уран бүтээлүүд хэвлэгдсэн байна.

Б.ТЭРГЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж