Урьдчилгаа төлбөрийг 2012 оноос эхлэн “Оюутолгой” компанийн төлбөл зохих холбогдох татварын ногдуулалтаас суутган тооцож, урьдчилгаа төлбөрөөс тухай бүр нь хасалт хийх аж. Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу майнз монголиа инк” компанийн хооронд байгуулсан “Засгийн газрын бонд худалдан авах тухай гэрээ”-нд заасан хүүг гурван хувиас 1.59 хувь хүртэл бууруулах, Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2010 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хөрөнгө оруулагчийн төлсөн хоёрдахь урьдчилгаа төлбөр болох 50 сая ам.долларыг баталгаажуулах зайлшгүй шаардлага байгаа учир ийм арга хэмжээ авах болсон аж.
Хөрөнгө оруулагчтай гуравдахь урьдчилгаа төлбөр болох 100 сая ам.долларыг ирэх зургадугаар 30-наас өмнө авахаар тохиролцсон бөгөөд гэрээний дагуу нийт 150 сая ам.долларын урьдчилгаа төлбөрт жилийн 1.59 хувийн хүү төлнө. Төлбөрийг хүүгийн хамт хөрөнгө оруулагчийн татварын өрөөс суутгаж тооцож барагдуулахаар төлөвлөсөн байна. Урьдчилгаа төлбөрийг үе шаттай авахаар заасны дагуу Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор буюу 2009 оны аравдугаар сард эхний 100 сая ам.долларын бондын төлбөрийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж хөрөнгө оруулагчаас хүлээн авсан юм байна.
“Оюутолгой” компаниас урьдчилгаа төлбөр авахыг үүрэгджээ
Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр Оюутолгой ордтой холбоотой асуудлыг авч хэлэлцжээ. Ингэхдээ “Оюутолгой” компаниас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авах гэрээ байгуулахыг Сангийн сайдад даалгасан юм байна.