Нийслэлийн хэмжээнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв хэд, хэд байдаг бол Дархан-Уул аймагт энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг газар байхгүй, үгүйлэгдэж байсан юм. Харин өнөөдөр Дарханд анх удаа сэтгэл зүйн зөвлөгөө өгөх кабенит нээлтээ хийлээ. “Ариун өргөө” нэртэйгээр байгуулагдсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв ганцаарчилсан болон гэр бүлийн зөвлөгөө өгөх гэнэ. Мөн тус төвөөс ёс суртахуун, зан төлөвшилтэй холбоотой лекц, сургалтыг зохион байгуулах ажээ.
Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв нь Дархан бизнес инкубатор төвийн дэргэд байгуулагдсан ба тус төв нь жилдээ 500 гаруй хүмүүст бизнесийн санаа, бизнес төлөвлөгөө боловсруулах сургалт явуулж, тэдний дундаас бойжигч төслийг дэмжин, үйл ажиллагааг нь эхлүүлдэг байжээ. Өнөөдрийн байдлаар 10 гаруй бойжигч компани тус төвийн дэргэд байрлаж байна. “Ариун өргөө” сэтгэл зүйн төвийн төслийг санаачлагч С.Хашцагаан өмнө нь хүүхдийн байгууллагатай хамтран ажиллаж, тэдэнд ёс суртахуун зан төлөвшлийн сургалт явуулж байсан юм. Тэрбээр хүүхдүүдтэй ажиллаж эхлэхэд цаашлаад гэр бүл эцэг эхтэй нь харьцах хэрэгтэй болсон. Тиймээс гэр бүлийн зөвлөгөө өгөх нийгмийн шаардлага учраас энэхүү төвийг нээхээр зорьсон гэдгийг нээлтийн үеэр онцолсон юм.