Нигерийн цэргийн шүүхээс армийн 54 цэргийг удирдлагынхаа тушаалыг эсэргүүцэж, бослого гаргасанд буруутган цаазаар авах ял оноожээ. Нигерийн армийн 7 дугаар двизийн цэргүүд “Боко Харам” исламын зэвсэгт бүлэглэлийн эсрэг тулалдахад хангалттай зэр зэвсэг, сумгүйгээс тулаанд орохоос татгалзжээ. Нигерийн арми өнгөрсөн наймдугаар сараас хойш Боко Харам зэвсэгт бүлэглэлд эзлэгдсэн гурван хотыг чөлөөлөх тулаанд бэлтгэж байгаа аж.
Үүнээс өмнө өнгөрсөн есдүгээр сард зүүн хойд хэсгийн Майдугури хотын армийн командлагч офицерийг хөнөөхийг завдсан хэргээр 12 цэрэгт цаазын ял оноож байжээ.
Боко Харам бүлэглэл 2009 оноос хойш Нигерийн зүүн хойд хэсэгт “исламын улс” байгуулахаар тэмцэж байгаа юм. Тус бүлэглэлийн халдлага дайралтад 2000 гаруй хүн амь үрэгдэж, олон мянган хүн орон гэрээсээ дайжин, орох оронгүй болжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС