АНУ-ын НАСА агентлагийн “Curiosity” сансрын хөлөг Ангараг гаригийн агар мандалд метан хий, Камберлэнд хаданд хийсэн өрөмдлөгийн үеэр органик молекулууд илрүүлжээ. Энэ бүхэн тус гаригт одоо цагт, эсвэл өнгөрсөн үед амьдрал байсныг харуулж байгаа аж.
Учир нь манай дэлхийд метаны 95 хувийг бичил биетүүд ялгаруулдаг юм байна. Гэхдээ Ангараг дахь метан биологийн үүсэлтэй эсэхийг тогтооход нэмэлт судалгаа шаардлагатай гэнэ. Хаднаас илэрсэн нүүрстөрөгч агуулсан молекулууд тус гаригт бичил биетүүд байгаа эсэхийг нотлохгүй ч амьдрал үүсэх тааламжтай нөхцөл буйг илэрхийлж байгаа ажээ.
Өмнө нь “Curiosity” хөлөг Ангарагийн гадаргуу дээр аварга том нуурууд байсныг харуулсан бөгөөд эрдэмтдийн үзэж буйгаар тус гаригийн агаар мандал нэмэх градустай байсан байж болзошгүй.
“Curiosity” 2012 оны наймдугаар сарын 6-нд Ангарагт хүрч энэ оны есдүгээр сард аяллынхаа гол цэг болсон Эолид ууланд хүрчээ. Тус хөлөг Ангарагт геологи, геохимийн нарийвчилсан шинжилгээ хийж, агаар мандал, цаг уур судлан, ус хайх үндсэн зорилготой ажиллаж байгаа юм. Энэ төсөлд НАСА 2.5 тэрбум ам.доллар зарцуулжээ.
Б.САНСАР
Эх сурвалж: www.polit.mn