Үндэсний контентыг хуульчилна

Хуучирсан мэдээ: 2014.12.18-нд нийтлэгдсэн

Үндэсний контентыг хуульчилна

“Телевизийн суваг болгоноор солонгос кино гарч байна, найман настайгаас нь наян настан нь түүнийг нь үзэж байна”, “харь соёлд ууслаа”, “үндэсний маань дархлааг гадны соёл, гадаад контент муутгаж байна” “Энэ хэдэн телевизүүд бүгдээрээ бодлоготойгоор олон ангит киногоор тархи угааж байна” гэх зэргээр шүүмжилдэг. Үргэлжлүүлээд л байвал өнөө шүүмжлээд байгаа олон ангит киноны зохиол ч гарахаар өргөн хүрээнд шүүмжлэл өрнөнө. Үнэхээр л суваг болгоноор солонгос кино гарч, түүнийг нь бүгдээрээ үзээд өөрсдийнхөө биш киноны дүрүүдийн амьдралаар амьдарч буй гэхэд ч нэг их дэгсдээд байхгүй. Иймд энэ байдлыг хуулийн дагуу л өөрчлөхөөс аргагүйд хүрсэн бололтой.

Тодруулбал УИХ-ын хэлэлцүүлэгт буй Соёлын тухай хуулийн өөрчлөлтөөр дээрх асуудлыг зохицуулахаар шийдэж. Төсөөлүүлж тайлбарлавал хэрчмийг багасгахын тулд тайрч богиносгох биш зэрэгцүүлээд өөр хэрчмийн уртыг нэмэх арга ашиглахаар болжээ. Ийм замаар өнөөх гадны контентийн эзлэх жинг бууруулахаар шийдсэн байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “ Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилт” хэлэлцүүлгийг өчигдөр хийсэн. Хэлэлцэхийг нь байнгын хороогоор дэмжчихсэн тул удахгүй чуулганаар хэлэлцүүлэгдэж батлагдан гарах биз.

Хуулийн төсөлд буй заалт гэвэл товч бөгөөд энгийн. Төсөлд “Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь , хүүхдэд зориулсан уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна гэж заажээ”.

Мөн бусад телевизүүдийн хувьд “Монгол Улсад бүртгэлтэй эфирийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж буй уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг, уран сайхны болон олон ангит киноны 50 хувиас доошгүй нь үндэсний кино байна”, “Кинотеатр, үзвэрийн цэгүүдээр сар тутамд түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь 40-өөс доошгүй байна” гэж тус тус зааж. Хуулийг дэмжих үндэслэл нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэж байдаг аж. Мөн Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэлд "Телевизэд тусгай зөвшөөрөл олгохдоо нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүйг нь үндэсний эрх ашиг, соёл, хэл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээл байх зохицуулалтыг гэрээнд тусгаж байх”-ыг ч зааж. Ийн заасан ч үндэсний эрх ашиг, соёл, хэл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээл нь нийт агуулгын эзлэх хувьдаа хүрдэггүй бөгөөд хуульчилж өгснөөр жинхэнэ утгаар хүрнэ гэж тооцож буй бололтой.

Уг төслийг оруулж ирсэн сайд асан Ц.Оюунгэрэл “Улс болгон өөрийн улсын соёлыг хамгаалах үүрэгтэй. Гадаад соёл давамгайлж байгаагийн буруу нь гадаадад байхгүй. Үндэсний соёлоо хамгаалья гэвэл үндэснийхээ контентийг л нэмэх хэрэгтэй” гэж буй бөгөөд ч үүнийг нь эсэргүүцэх хүн гараагүй аж. Төсөл санаачлагчдын тооцсоноор энэхүү хуулийн төсөл батлагдвал үндэсний соёлыг хамгаалах хэрэгцээ өсч, үндэсний уран бүтээлчдийн эрэлт сайжирч, ажлын байр нэмэгдэнэ гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл телевизүүдийн хувьд 10 сая төгрөгөөр торгуулах, үйл ажиллагаагаа зогсоолгохгүйн тулд хүссэн хүсээгүй гаднаас хямд төсөр худалдан авалт хийх сонголтоо өөрчилж, дотоодын уран бүтээлчид рүүгээ хандахаас өөр арга үлдэхгүй нь бололтой.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж