Румыны коммунизмаас капитализм хүртэлх өөрчлөлт

Хуучирсан мэдээ: 2014.12.18-нд нийтлэгдсэн

Румыны коммунизмаас капитализм хүртэлх өөрчлөлт

 

 

Румын дарангуйлагч Николае Чаушескугийн засаглалын эсрэг босч, түүнийг эхнэртэй нь хамт цаазалсны дараа ардчилал, зах зээлийн эдийн засагт аажим шилжсэн 25 жилийн хугацаанд  энэ улсад асар их өөрчлөлт бий болсон юм.

 

Бүртгэлтэй бичгийн машины оронд ухаалаг утас

 

Коммунист системийн үед Румынд бичгийн машиныг дэлгүүрт худалдаалдаггүй байв. Учир нь эрх баригчид засгийг эсэргүүцсэн уриа лоозон, суртал ухуулга гарахаас айж байжээ. Харин бичгийн машинтай хүмүүс жилд нэг удаа бичгийн машинаа цагдаад бүртгүүлж, ямар зорилгоор ашигладгаа тайлагнах ёстой болж байв. Харин өнөөдөр ухаалаг утас, таблет хэрэглээгүй дунд сургуулийн хүүхдийг хайгаад олохгүй болжээ.

 

Өвөл машин унахыг хориглодог байв

 

Николае Чаушескугийн засаглалын үед Румынд талхнаас авахуулаад мах, шатахуун бүх зүйлийг картын системд оруулсан юм. Хувийн тэрэгтэй цөөн иргэн сард ердөө 20 литр шатахуун авах эрхтэй байжээ. Тэд нормын шатахуунаа авахын тулд 48 цаг дугаарлаж зогсох нь энүүхэнд байсан аж. 1980-аад онд Чаушеску иргэдийг гадаад өр төлнө гэж айлган өвөл машин унахыг хориглосон юм. Харин одоо Румыны хүн амын аравны нэг хувь нь оршин суудаг Бухарест хотод түгжрэл ихтэй төв замаар хотын нэг захаас нөгөө захад хүрэхэд хоёр цаг зарцуулдаг бөгөөд бүдүүлэг жолооч нар замын хөвөө, явган хүний зам дээр ч машинаа тавих нь ердийн үзэгдэл ажээ. Чинээлэг румын гэр бүл хэд хэдэн машинтай байх нь элбэг бөгөөд байрны үнэтэй машин хөлөглөх хүмүүс ч олон гэнэ.

 

Өдөрт хоёр цаг зурагт үзэх нормтой байжээ

 

Румынчууд төрийн тэргүүн, тэргүүн хатагтай хоёрын тухай уйтгартай мэдээнээс өөр зүйлгүй үндэсний телевизийн сувгаас илүү Серби, Болгар, Унгар, Оросын телевизийн нэвтрүүлэгт дуртай байв. Тэр  үед Румынчууд өдөрт хоёр цаг л зурагт үзэх нормтой байсан юм. Тэр бүү хэл 1980-аад оны үед телевизийн цуврал “Даллас”-ыг дарангуйлагч завхарсан гэж хэлсний дараа хааж байсан аж. Румынд өдгөө сард багахан хураамж төлөөд олон суваг эргүүлэх сонголт өргөн болсон ч чанарын асуудал асуудал хэвээр үлджээ.

 

Умард Солонгос маягийн худалдааны төв

 

Николае Чаушеску 1971 онд Умард Солонгост айлчилсныхаа дараа Бухарестад маш том худалдааны төвүүд байгуулахаар санаа шулуудсан аж. Түүний санаачилгаар Румынд анхны худалдааны төвүүд бий болсон бөгөөд өлсгөлөнд нэрвэгдсэн ард түмэн худалдааны төвүүдийг өлсгөлөнгийн цирк хэмээн нэрлэх болсон юм. Румынд өдгөө барууны хэв маягийн хэдэн мянган худалдааны төвүүд бий болжээ.

 

Нураасан сүм хийдийг сэргээв

 

Румынд шашин шүтэхийг хориглож байсан коммунист системийн үед коммунист намын гишүүд болон нууц албаны ажилтнууд иргэдийг сүм рүү мөргөл хийхээр явдаг эсэхийг хянаж байлаа. Николае Чаушеску мөн л Умард Солонгос руу хийсэн айлчлалынхаа дараа Бухарестын олон арван сүм хийдийг нураах даалгавар өгсөн гэдэг. Харин өдгөө Румынд сүм хийдийн тоо 12,000-20,000 болж нэмэгдсэн байна.

 

Орчуулсан Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж