-Шатахуун түгээх станцууд дизелийн түлшгүй болж, хязгаарлалт хийж эхэлсэн тухай мэдээллийн хэрэгслүүд цацаж эхэллээ. ОХУ дизель түлш ирүүлнэ гэж байсан, тэр нь юунаас болж саатсан юм бол. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар тодруулахгүй юу?
-Дизель түлшний хомсдол, хязгаарлалтууд бол байгаа шүү дээ. ОХУ тохирсон байсан хэмжээгээр шатахуун нийлүүлэхгүй байна. Захиалга өгсөн боловч, өнөөдрийг хүртэл ачилт хийгдээгүйгээс байдал маш хэцүү боллоо. Засгийн газрын хуралдаанаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор онцгой байдлын чиглэлээр хэд, хэдэн арга хэмжээ авахаар боллоо. Нэгдүгээрт, Улсын нөөцөд байсан шатахууныг гаргахаар болж байна. Дээрээс нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд тодорхой хэмжээний зохицуулалт хийхээр болж байна. Мөн ОХУ, Хятад улстай дизель түлшний хангамжийн талаар ярилцахаар холбогдох хүмүүсийг явуулах болж байна. Би ч өөрөө явна. 2011 оны төсвийн тодотгол, 2012 оны төсөвт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах сав барихтай холбоотой хөрөнгө, нөөц бүрдүүлэлттэй холбоотой заалтуудыг тусгахаар болж байна. Газрын тосны үйлдвэр байгуулах тухай асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ.
-Тэгэхээр байдал ер нь хүндэрлээ гэсэн үг үү?
-Ер нь байдал маш хүнд байна. ОХУ-ын Буриадын Алтайн бүс нутагт шатахууны хязгаарлалт хийсэн хэвээр байна. Шатахуун түгээх станцууд хаагдаж эхэллээ. Энэ байдал ОХУ-д хэсэг хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна. Нөхцөл байдал ийм байгаа учраас нөөц манайд маш хомс болж эхэллээ. Уул уурхайн үйлдвэрүүд маш их хэмжээний дизель түлш хэрэглэдэг. Тийм учраас Засгийн газрын хуралдаанаас уул уурхайн үйлдвэрүүдийн дизелийн хэрэглээг хязгаарлах шийдвэр гаргалаа.
-Хязгаарлалтад ямар газрууд хамаарах вэ?
-Шатахуун хамгийн ихээр хэрэглэдэг аймаг бол Өмнөговь. Тэр дундаа “Энержи ресурс”, “Эрдэнэс тавантолгой”, орон нутгийн Тавантолгой зэрэг компаниуд байгаа. Эдгээр аж ахуйн нэгжүүд дээр хэрэглэж байгаа дизель түлшийг хязгаарлах шийдвэр гаргасан. Нэгэнтээ улсын хэмжээнд дизель түлшний хомсдол үүссэн, ОХУ-аас ачилт хийгдэхгүй байгаа учраас энэ хягаарлалтыг хийхээс аргагүй байна.
-Өнөөдрийн байдлаар шатахууны хэд хоногийн нөөц байна вэ. Улсын нөөцөд мөн хэд хоногийн нөөцтэй байгаа юм?
-Өнөөдрийн байдлаар нөөцийн хэмжээ бага байна. Одоохондоо хоногийнх нь хэмжээг хэлэх шаардлагагүй стратегийн ач холбогдол бүхий мэдээлэл учраас. Ер нь ОХУ, Хятад улс руу яаралтай хүмүүс явж ажиллах шаардлагатай болж байна.
-Хятад улсын хувьд нефтийн бүтээгдэхүүний экспортоо зогсоох шийдвэр гаргачихсан. Тэгэхээр манайд нефтийн бүтээгдэхүүн нийлүүлдэг болов уу?
-Хятад улс нефтийн бүтээгдэхүүний экспортоо хязгаарласан байгаа, гэсэн ч аль болох нөхцөл байдлыг ярьж, бүтээгдэхүүний хангамжийг жигдрүүлэх чиглэлээр арга хэмжээ авна л гэж бодож байна.
-Ирэх сард байдал ямар байх бол?
-Ирэх зургадугаар сарын хувьд “Роснефть” компани боломжийн тоо хэлсэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар шатахууны ачилт хийгдэхгүй байгаа учраас маш хүнд байна л даа.
-Шатахуун ховордсон, үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор автобус компаниуд нийтийн тээврийн үйлчилгээний үнийг нэмэх шийдвэр гаргаад байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн үү?
-Өнөөдрийн хувьд автобусны тасалбарын үнийг хэлж мэдэхгүй нь. Дизель түлшний экспортын үнэ нэмэгдэж байгаа, хомсдол, хязгаарлалт үүссэн, хол газраас бүтээгдэхүүнээ татаж байгаа гээд асуудал их байна. Өөрөөр хэлбэл, өмнө татаж байсан “Ангарск” үйлдвэрээсээ бүр хол ОХУ-ын төвийн бүс хойд хэсгээс нефть импортлогчид бүтээгдэхүүнээ татаж байна. Үүнтэй холбоотойгоор тээвэрлэлтийн зардал нэмэгдэж байгаа. Тийм учраас шатахууны үнэ өсч байгаа. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Засгийн газрын хуралдаанаас тодорхой хэмжээний үнийн хязгаарлалт тогтоохын тулд нефтийн бүтээгдэхүүнд ногдуулдаг бүх Онцгой татвар, Гаалийн татвараа тэглэлээ. Дээрх шийдвэртэй холбоотойгоор одоо орж ирж байгаа нефтийн бүтээгдэхүүнээс татвар авахгүй. Тэгсэн ч нэгэнт хомсдол үүсээд ОХУ-д экспортын татвар нэмэгдээд, тээврийн зардал нэмэгдчихсэн байгаа учраас үнэ өсч байна. Бидний хамгийн нэн тэргүүнд авах арга хэмжээ бол одоогоор үнээс илүү хангамжийн асуудал дээр илүү санаа зовж ажиллаж байна.