Иванович хасагдаж, Надаль эцсийн мөчид хожлоо

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Иванович хасагдаж, Надаль эцсийн мөчид хожлоо

Талбайн теннисний “Их дуулга” ангилалд багтдаг цуврал дөрвөн тэмцээний энэ оны хоёр дахь нь болох 110 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа шороон талбайн “хаан” гэгддэг Францын нээлттэй тэмцээний гурав дахь өдөр эрэгтэй ганцаарчилсан төрөлд Британийн Энди Муррей, Францын Эрик Прудонтой эхний шатны тоглолтоо хийлээ. Сүүлийн үед “Ролан Гаррос”-ын талбайд тийм ч сайнгүй байгаа Муррей эхний шатаа ямар ч байсан амжилттай давж, өрсөлдөгчөө 6-4; 6-1; 6-3-ын харьцаатай хожсон байна.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд гурван жилийн өмнө тус тэмцээнд аваргалж байсан Сербийн Ана Иванович нэгдүгээр шатны тоглолтоо Шведийн Йохана Ларссоны эсрэг хийлээ. Тухайн үедээ дэлхийн чансааг хүртэл тэргүүлж байсан Иванович сүүлийн үед тун тааруу байгаа. Тиймдээ ч чансааны 20 хүртэл буугаад байгаа юм. Тоглолтын хувьд эхний сетэд тай-брект хожигдсон Иванович хоёр дахь сетэд оноо алдалгүй 6-0-ээр хожсон байна. Харин шийдвэрлэх сетэд 6-2 харьцаатай швед теннисчин ялалт байгуулж эмэгтэй ганцаарчилсан төрлийн эхний шуугианыг тарилаа.

Эрэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлэгч Рафаэль Надаль, Америкийн Жон Иснертэй эхний тулаан хийх болсон нь хатуу сугалаа татжээ гэхээр байсан. Энэ ч батлагдаж, хоёр теннисчиний тоглолт таван сет үргэлжилсэн байна. Өнгөрсөн жил Надаль нэг ч сет алдалгүй түрүүлж байсан бол Иснер Францын Николя Маютай өнгөрсөн жил 11 цаг гаруй тэмцэлдсэн түүхэн тулааныг хийж, хожиж байсан юм. Энэ түүх давтагдаагүй ч сонирхолтой, хэцүү тоглолт болжээ. Эхний сетэд Надаль 6-4-өөр хожсон ч дараагийн хоёр сетэд тай-брекээр Жон Иснер хожсон байна. Харин сүүлийн хоёр сетэд Надаль 6-2; 6-4-ийн харьцаатай хожиж, хоёрдугаар шатанд шалгарлаа. Энэ жил Надаль Францын нээлттэй тэмцээнд түрүүлбэл алдарт Бёрн Боргийн зургаа түрүүлсэн амжилтыг давтах юм. Испани теннисчний дараагийн өрсөлдөгч нь нутаг нэгт Пабло Андухар байна.

Шведийн Робин Сёдерлинг ч эхний тулаанаа давж гарахын тулд хэцүүхэн тоглолтыг Америкийн Рьян Харрисоны эсрэг хийлээ. Чансааны тавдугаарт бичигдсэн швед теннисчин эхний сетэд 6-1 харьцаатай илт илүүрхэн хожсон ч дараагийн сетийг тай-брект хүргэж, 5-7 харьцаатай хожигджээ. Харин дараагийн 2 сетэд 6-3; 7-5 харьцаатай хожиж чадсанаар 64 теннисчиний тоонд багтлаа.

Эмэгтэй ганцаарчилсан төрлийн хоёрдугаарт чансаатай Бельгийн Ким Клейстерс, Беларусийн Анастасия Якимовагийн эсрэг ямар нэг алдаа гаргалгүй тоглож, 6-2, 6-3 харьцаатай хожсон байна. Нидерландын Аранча Рус хоёрдугаар шатанд түүний өрсөлдөгчөөр тодорчээ.

Францын Жил Симон, Америкийн Майкл Рассел нарын тулаан эн тэнцүү эхэлсэн ч төгсгөлийн хоёр сетэд зохион байгуулагч орны теннисчин илүүрхэж 6-3; 4-6; 6-1; 6-0-ийн харьцаатай ялалт байгуулжээ.

Маргааш тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд эхэлнэ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж