Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ир 2011 оны арванхоёрдугаар сарын 17-нд таалал төгсчээ.
Хойд Солонгост өнөөдөр /XII.17/ удирдагч агсан Ким Чен Ирийн таалал төгсний гашуудлын гурван жил өндөрлөснийг тэмдэглэж байна. Гашуудал тайлах ёслолын үеэр Хойд Солонгосын ард түмэн гурван минут дуугаа хурааж, Пхеньян дахь Ким Чен Ир, Ким Ир Сен нарын бунханы зүг мөргөн ёсолж, галт тэрэг, усан онгоц, автомашинууд дуут дохиогоо хангилуулсан байна. Одоогоос гурван жилийн өмнө Ким Чен Ир таалал төгсөх үед орон даяар үдэд дуут дохиог дуугарган мэдэгдэж байжээ.
Ким Чен Ун эцэг нь нас барсан гурван жилийн гашуудлын хугацаанд Хойд Солонгост өөрийн эрх мэдлээ бататгаж, Ким Чен Ирийн үеийн нөлөө бүхий эрхмүүдийг сэлгэж амжсан гэж ажиглагчид дүгнэдэг. Тэрээр эдийн засаг, ард түмний амьдралын түвшинг нэмэгдүүлэхэд анхаарахын сацуу цэрэг, армийг хүчирхэгжүүлэх, цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлэх удаан хугацааны зорилгыг үргэлжлүүлэх бодлого баримталж байгаа аж.
Солонгос уламжлалын дагуу эцэг нь нас барсны дараа гурван жил гашуудах ёстой байдаг аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press