Плющенко: Би эх орноосоо урваагүй гэдгээ нотолно

Хуучирсан мэдээ: 2014.12.17-нд нийтлэгдсэн

Плющенко: Би эх орноосоо урваагүй гэдгээ нотолно

Олимпийн хошой аварга, Оросын нэрт уран гулгагч Евгений Плющенко тамирчныхаа замналд нэг л зүйлийг өөрчлөхийг хүсдэг тухай ярилцлагадаа өгүүлжээ. Тэрбээр Сочигийн олимпийн наадамд багийн төрөлд аваргалсныхаа дараагаар ганцаарчилсан төрөлд гэмтлийн улмаас оролцож чадаагүй билээ. Түүнийг тухайн үед хулчийсан гэж ихэнх хүмүүс дүгнэж шүүмжилснээс гадна эх орноосоо урвасан гэж хүртэл буруутгаж байсан юм.

“Тамирчныхаа замналд эргээд ямар нэгэн зүйлийг өөрчлөхийг хүсдэг үү? гэж асуувал би эргэлзэлгүйгээр Сочигийн олимпийн наадамд оролцсноо л өөрчлөх болно. Багийн тэмцээнд түрүүлснийхээ дараагаар ганцаарчилсан төрөлд орохгүй гэсэн байр суурин дээрээ бат зогсох л байж. Уг нь би оролцож чадахааргүй хэмжээнд өвчин мэдэрч буйгаа хэлсэн ч намайг шахалтаар оруулсан шүү дээ. Намайг орлохоор хэмжээний тамирчныг олж чадаагүй. Би үүнд л харамсдаг” гэж Плющенко ярьсан байна.

Сочигийн олимпод тэрбээр ганцаарчилсан төрөлд оролцохоор бие халаалтаа хийсэн хэрнээ яг тэмцээний өмнө татгалзсан. Тэглээ ч гэсэн 2018 оны олимпод оролцохоор хатуу шийдсэн тухайгаа мэдэгджээ.

“Би Сочид айгаагүй, хулчгар зан гаргаагүй, эх орноосоо урваагүй гэдгээ нотлон харуулахын тулд ирэх олимпод оролцоно гэж хатуу шийдсэн. Би тэгэхэд үнэндээ л биеийн байдлаас шалтгаалаад л гулгаж чадаагүй юм шүү дээ” гэж Плющенко учирласан байна.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж