Саналын машин эвдвэл хариуцлага хүлээлгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Саналын машин эвдвэл хариуцлага хүлээлгэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Түүгээр гишүүдээс өмнө нь гаргасан зарчмын зөрүүтэй 50 саналаар санал хурааж дуусгасан юм. Улмаар анхны хэлэлцүүлгийг дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэн хийхээр шийдвэрлэв.
Зарчмын зөрүүтэй саналууудаар санал хураахад зарим зүйл дээр гишүүдийн байр суурь зөрүүтэй байлаа. Ялангуяа санал хураалтыг 20.00 цагт өндөрлүүлмэгц санал тооллогыг эхлүүлнэ гэдэг заалттай З.Энхболд нарын гишүүдийн санал зөрж байсан юм. Санал тооллогод автомат машин хэрэглэх тохиолдолд  санал хураалттай тооллого ч зэрэгцэж дуусна. Тэгэхээр 20.00 цагт санал тооллогыг эхлүүлнэ гэсэн заалт хэрэггүй хэмээж байв.  Гишүүн Д.Лүндээжанцан нар машинд асуудал, тасалдал гарсан тохиолдолд саналын хуудсыг гараар тоолж болно гэж байсан ч хэрэв тэгвэл машинаар санал хураалтыг тоолох нь ямар ч утгагүй болно гэж Н.Энхболд гишүүн хэллээ. Мөн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан үед УИХ-ын 76 суудлыг мажоритар, пропорциональ хувилбарт яаж хуваахыг тодорхойлж байж машинаар тоолох системээ тохируулах ёстойг З.Энхболд гишүүн тайлбарлаж байлаа. З.Энхболд гишүүн хуульд саналыг ямар нэг шалтгаанаар гараар тоолох тухай хэрхэвч тусгаж болохгүй гэж байсан юм. Филиппинд тооллогын машин эвдэрсэн тохиолдолд саналыг гараар тоолох тухай хуульд тусгаснаас болж машин эвдэх тохиолдол олноор гарсныг тэрбээр санууллаа. Машин эвдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах хэрэгтэй гэж байсан юм. Э.Бат-Үүл гишүүн ч гараар хэрхэвч тоолж болохгүйг анхааруулав. Уг сэдвийг дараагийн хэлэлцүүлгээр дахин ярилцахаар боллоо.

Мөн хуульд тогтоосон хугацаанд гишүүн ямар нэг шалтгаанаар тангараг өргөөгүй бол нэг мандаттай, мажоритар хувилбарт ногдох суудалд нөхөн сонгууль явуулж, пропорциональ элементтэй суудалд дараагийн хүн орж ирэхийг гишүүд дэмжив. Сонгогчдын саналыг татах зорилгоор нэр дэвшигчид үнэгүй юм уу хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх, уралдаан тэмцээн зохиох, урлаг соёлоор үйлчлэх, мөнгө тараах, дайлж цайлах, мөрийтэй, бооцоот тэмцээх явуулах зэргийг хориглохоор хуульд тусгахыг дэмжлээ. З.Энхболд гишүүн жилийн өмнөөс үүнийг хориглох хэрэгтэй, учир нь нэр дэвших хүмүүс улсын наадмаар мөнгө, намар түлээ, нүүрс тараадаг. Үүнээс сэргийлж жилийн өмнөөс хориглох ёстой гэлээ.

Дараагийн хуралдаанаар Сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийхээр болов.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж