Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөлт, төсвийн хөрөнгийн удирдлага, хяналт шинжилгээг үндэсний болон орон нутгийн түвшинд сайжруулах, илүү уялдаатай, зохицуулалттай болгох зорилго нь статистикийн мэдээллийг оновчтой, зөв ашиглах хэрэгцээг орон нутгийн бодлого төлөвлөгчдийн өмнө бий болгож байна.
Үндэсний Статистикийн Хороо нь аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны удирдлага, төлөвлөгч нарт хэрэгцээтэй статистикийн мэдээллийн олдоц, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд орон нутгийн түвшинд гаргах боломжтой үзүүлэлтүүдийг сонгон авч, сум, багийн түвшинд задлан боловсруулж, дүгнэлт шинжилгээ хийсэн байна. Уг ажлын үр дүнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр аймаг, нийслэлийн Статистикийн товчоон номыг хэвлэн нийтэлж, нээлтийг 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 17.30 цагт НҮБ-ын Төв байрны Хурлын танхимд зохион байгуулж, хэрэглэгчдэд танилцуулах гэж байна.
Номын агуулга нь өмнөх үг, аймгийн товч танилцуулга, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж, байгаль, газар зүйн нөхцөл, эдийн засгийн боломж, аймгийн статистикийн албаны товч түүх, одоогийн бүтэц бүрэлдэхүүнийг тусгасны дээр номын үндсэн хэсэг нь хүн ам, нийгэм, эдийн засаг гэсэн хоёр салбартай бөгөөд дотроо 16 дэд салбарт хуваагдаж байна.
Энэхүү номын 16 дэд салбараас зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалт, төсвийн орлого, зарлага, нийгмийн даатгал, тээвэр, холбоо гэсэн 5 бүлэг аймгийн түвшинд гарсан байна. Бусад үзүүлэлт анхан шатны нэгж болох сум, багийн түвшинд гарч чадсан нь Монгол Улсын статистикийн алба, хамт олны ажлын нэг үзүүлэлт, амжилт болж байна. Ялангуяа сум, багаар гарсан өрх, хүн ам, нийгмийн зарим үзүүлэлт, боловсрол соёл, эрүүлийг хамгаалах, гэмт хэргийн гаралтын өөрчлөлт, хандлага, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, банк, санхүү, даатгал, хөдөөгийн үндсэн үйлдвэрлэгчид болох малчин өрх, малчид, тэдний нийгэм соёлын зарим үзүүлэлт, мал аж ахуй, газар тариалан, цаг уур, эдэлбэр газрын үзүүлэлт нь орон нутгийн бодлого боловсруулагчид, төлөвлөгч нарт үнэтэй мэдээлэл болох юм.
Манай Улсын дундаж хэмжээний сум, баг нь хэдэн хүн амтай, малын тоо, малчдын тоо, тарилангийн талбай, хураасан ургацын түүнчлэн хамгийн том болон хамгийн бага сум, багийн үзүүлэлтийг өөрсдийн сум, багийн үзүүлэлттэй зэрэгцүүлж үзэх боломжийг орон нутагт олгож байгаа юм.
Түүнчлэн орон нутагт байгаа багууд нь сумынхаа хэмжээнд, сум нь аймгийнхаа хэмжээний мэдээллээс хэтрэхгүй байгаа өнөөгийн нөхцөлд сум, багуудыг зэргэлдээ бүс нутгийн болон улсын хэмжээний аль нэг аймаг, сум, багийн мэдээлэлтэй танилцах, өөрсдийгөө зэрэгцүүлж үзэх боломжийг олгож байгаагаараа энэхүү “Статистикийн товчоон” номын ач холбогдол оршиж байна.