Шийдлийн Засгийн газар байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн ч дэд сайдуудад хэн хэнийг томилох эсэх нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрч байна.
Тэгвэл МАХН-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр орой хуралдаж өөрсдийн зүгээс тавих гурван дэд сайддаа хэнийг дэвшүүлэхээ тогтжээ.
Энэ Засгийн газраас МАН долоон дэд сайдад өөрсдийн хүнээ тавих бол “Шударга ёс” эвсэлд гурван дэд сайдын квот байгаа юм. МАХН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Хуульзүйн дэд сайдаар Ц.Уугангэрэлийг хэвээр нь үлдээхээр тохиролцсон бол намын дарга Н.Энхбаярын туслах байсан Б.Тулгыг Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны дэд сайдаар томилохоор болжээ. Б.Тулга нь Шинэчлэлийн Засгийн газарт Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан юм. Харин Хөдөлмөрийн дэд сайдад З.Батбаярыг тодруулахаар болсон ч МҮАН-тай зөвшилцөж байж эцэслэн шийдвэрлэхээр болсон байна.
Л.ХАЛИУ