Ромын хамба Франсис, Далай лам
Хятадын дургүйцлийг төрүүлэхээс эмээсэн Өмнөд Африкийн Засгийн газар Далай ламд виз олгохоос татгалзсанаас Нобелийн энх тайвны шагналтнуудын уулзалт Италийн Ром хотод болжээ.
Ромд айлчилсан буддын шашны тэргүүн Далай лам Ромын тэргүүн хамбатай уулзах хүсэлтээ илэрхийлсэн юм. Гэвч Ватикан Далай ламын хүсэлтийг хүндэтгэж байгаа ч Франсис хамбатай уулзах боломжгүй гэсэн хариу өгсөн билээ. Ватиканы энэ үйлдэл ихээхэн анхаарал татаж, гайхшрал төрүүлсэн юм. Гэвч энэ нь католик болон буддын шашны хооронд зөрчил үүссэн хэрэг огтхон ч биш аж. Харин Ватикан Хятадтай харилцаагаа сэргээж, дэлхийн хамгийн их хүн амтай “зах зээлд” хүрээгээ тэлэх зорилгод бэрхшээл учруулахаас болгоомжилсон хэрэг гэж тайлбарлаж байна. Хятад дахь католик, протестант шүтлэгтний тоо чамгүй их гэнэ. Хятадад 12 сая католик шашинтан байдаг гэсэн судалгаа бий. Тэдний тал хувь нь Хятадын төрийн хяналт дор үйл ажиллагаа явуулдаг католик шашны холбооны гишүүн.
Ватикан Бээжингийн харилцаа Мао Зэдун Хятадын дарга байх үед 1951 онд тасарсан аж. Харин 1980-аад оноос хойш II Иоанн Павелын зүтгэлээр Ватикан Бээжинтэй харилцаагаа сэргээх эхлэлийг тавьжээ. Үүнээс хойш Ватикан Хятад дахь католик шашны хоёр сургуулиараа дамжуулан Бээжингийн Засгийн газартай харилцаагаа сайжруулахыг хичээж ирсэн байна. Энэ дагуу Франсис хамбын хамгийн ойрын зорилт нь Хятадын Засгийн газартай холбоо тогтоох болоод буй юм. Тухайлбал, Франсис хамба өнгөрсөн наймдугаар сард Өмнөд Солонгост айлчилсныхаа дараа өнөө маргаашгүй Хятадад хөл тавих хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн Хятадын дарга Си Жинпин өнгөрсөн онд Франсис хамбаар өргөмжлөгдөх үед баярын захидал солилцож байсан аж. Франсис хамба Хятадын даргад илгээсэн захидалдаа Ватиканд хүрэлцэн ирэхийг урьжээ.
Буддын шашин нь дэлхий даяар өргөн тархсан дөрөв дэх том сүсэг бишрэл юм. Буддын шашинд дэлхийн нийт хүн амын зургаан хувь буюу 370 сая орчим хүн итгэн сүсэглэдэг байна. Харин католик бол дэлхий дээрх хамгийн том шашин юм. Дэлхий дахинаа католик сүмүүд 1.2 тэрбум гаруй итгэгчтэй аж. Гэвч католик шашны хүрээнд 1960-аад оноос хойш буддын шашны нөлөө эрчимтэй явагдаж, итгэгчид “урвах” нь нэмэгджээ.
Дээрхийн Гэгээн Далай лам Данзанжамц
Далай лам Ромын хамбатай хамгийн сүүлд уулзсанаас хойш найман жил өнгөрчээ. IV Далай лам сүүлд 2006 онд Ромын хамба XVI Бенедиктэй уулзаж байсан аж. Үүнээс хойш 2007, 2009 онуудад хоёр шашны тэргүүний уулзалтыг Ватиканы зүгээс цуцалж байжээ. Буддын шашны тэргүүн Дээрхийн Гэгээн Далай лам Данзанжамцыг Хятадын эрх баригчид Түвдийн “салан тусгаарагч” гэж үздэг. Тийм ч учраас олон улсын төр засгийн тэргүүнийг Далай ламыг хүлээн авч уулзахыг Хятадын тал хүчтэй эсэргүүцдэг. Хятадууд Түвдэд “эзэн суусны” дараа Далай лам 1959 онд хойш Энэтхэг рүү зугтан гарч, Дарамсалад байршин шашин номын үйлээ үргэлжлүүлж байна. Тэрээр 1990 онд дэлхийн энх тайван, амар амгалан амьдралын төлөө, хүнлэг байхын утга учрыг ухуулсан сургааль, номлолоороо Нобелийн энх тайвны шагналыг хүртжээ.
Б.АНХТУЯА