Хүүхдийн эмнэлгийн эрэлд

Хуучирсан мэдээ: 2014.12.17-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эмнэлгийн эрэлд

Төрийн албан хаагчийн эмнэлгийг хүүхдийнх болгох уу?

 

Цаг үеийн хэрэгцээ шаардлагыг харгалзан ойрын хугацаанд 150 ортой хүүхдийн эмнэлэг байгуулах шийдвэрийг өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан.

Ингэхдээ шинээр барилга барилгүй төрийн өмчийн сул байруудыг ашиглах буюу сая татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байранд хүүхдийн эмнэлэг байгуулах боломжтой талаар яригдсан юм.

Гэхдээ хаана байгуулах вэ гэдэг дээр эцсийн шийдвэр гараагүй байгаа тул боломжтой байр судлах үүргийг Эрүүл мэндийн яаманд өгөөд байгаа. Тэгвэл өөр нэг хувилбарыг УИХ-ын зарим гишүүдээс тавьж эхэлжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт  хүүхдийн эмнэлэг болгох боломжтой гэж үзсэн Засгийн газрын X байр нь эмнэлгийн зориулалттай барилга биш,  баригдаад олон жил болж байгаа учир  эмнэлгийн үйлчилгээ явуулахад тохиромжгүй. Тиймээс Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн суурин дээр эмнэлгийн зориулалтаар баригдаж байгаа шинэ байрыг зориулалтынх нь дагуу ашиглаж, хүүхдийн  эмнэлэг болгох хэрэгтэй шаардлагыг хүргүүлжээ.

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг офиссын барилга болгохоор шийдвэрлэсэн нь  тухайн үедээ хэл ам дагуулж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачлагаар  26 гишүүний   гарын үсэг  цуглуулан эсэргүүцэж байсан юм.

Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгохоор хандсан энэхүү УИХ тогтоолын төсөл Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар орох үед тогтоол нь хууль зөрчсөн бол Нийгмийн бодлого, боловсол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дүгнэлтээ гарга гээд  шилжүүлсэн байдаг. Ингээд байнгын хорооноос эмнэлэг хүрэлцээтэй, шинээр эмнэлэг байгуулах шаардлагагүй, энэ тогтоол нийгмийн асуудлыг зөрчөөгүй гэх дүгнэлтийг гаргаснаар уг асуудал шийдлээ ололгүй өнөөдрийг хүрч байгаа.

Харин МАН энэ даваа гаригт хуралдаанаар уг асуудлыг сөхөж, төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийн суурин дээр баригдаж буй барилгыг хүүхдийн эмнэлэг болгох нь зөв гэж  ярилцжээ.

Энэ асуудлаа Нийгмийн бодлогын байнгын хороонд тавихад "Ажлын хэсэг гаргаж, Эрүүл мэндийн яамнаас дахин  асуудлыг оруулж ир" гэсэн үүрэг байна. Өөрөөр хэлбэл уг байрыг эмнэлгийн  зориулалтаар ашиглах боломж, шаардагдах хөрөнгийн хэмжээг тооцоолохыг даалгасан аж.

Энэ асуудалд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ц.Нямдорж нарын гишүүд санаачлага гарган ажиллаж  байгаа гэх. Харин Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн УИХ-ын гишүүн Г.Баярсайханы хувьд тухайн үед “Хууль зүйн шинэчлэлийг эсэргүүцэхгүй” гэсээр  хойш сууж байсан бол энэ удаа бодлоо өөрчилсөн бололтой.

Тэгэхээр одоо  Хуульзүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооноос  дүгнэлт гарвал   тогтоолын төслийг  дахин  хэлэлцэх  нөхцөл бүрдэх нь.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж