Хуучирсан мэдээ: 2014.12.17-нд нийтлэгдсэн

Цомхотгогдсон 15 хувь

Засгийн газраас өчигдөр бүтцээ 15 хувиар цөөрүүлэх шийд гаргаснаа зарлав.

Хэдхэн хоногийн өмнө Тахарын алба, Цөмийн энергийн газрыг татан буулгах тухай асуудал яригдаж байсныг санаж буй байх. Татан буугдах гэж буй газрынхан чимээгүй өнгөрнө гэж байхгүй. Мэдээж хэл ам гаргана. Ингээд л тус газруудын дарга нар нь хэвлэлд ярилцлага өгч, ямар ач холбогдолтой тухайгаа тоочиж байсан. Тэгвэл түүнтэй зэрэгцүүлэхэд илүү өргөн цар хүрээнд “цомхотгол” явагдах нь тодорхой болж, яам, агентлагуудын дотор хөл хөдөлгөөн өрнөж эхлэв. Үүнтэй холбоотойгоор зарим нэг нь ширээгээ суллахад бэлдэх, зарим нь нүүдэл хийх, ажлаа хүлээлгэн өгөхөөр болж буй аж.

Яам, агентлагийн газар, хэлтэс орлогч даргагүй, бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг давхардалгүй, илүү шат дамжлагагүй байх,  Агентлагийн газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, нэгжийн орон тоог 7-гоос багагүй, дунджаар 10 байх чиглэл баримтлах болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор зайлшгүй шаардлагатай бүтцийг маань устгалаа гэх гомдол ч яамд, агентлагууд дотор өрнөж буй бололтой.

Тухайлбал, БОАЖ-ын яамны хувьд Усны нөөцийн хэлтэс, Усны мониторинг зохицуулалтын хэлтэс, Сав газрын удирдлагын хэлтсүүд татан буугдаж буй бөгөөд үүнтэй холбоотойгоор ажилтнуудаас нь “Шинэ засаг усны салбарын бүтэц зохион байгуулалтыг үндсэнд нь байхгүй болгохоор зураг зуржээ” хэмээн гомдол тавьж эхэллээ.

Гэвч ЗГ нь төрийн захиргааны байгууллагын бүтэц, орон тоог боловсронгуй болгох замаар төсөвт хэмнэлт хий гэсэн УИХ-аас өгсөн даалгаврын дагуу энэ бүгдийг цомхотгож буй гэх тул эсэргүүцээд ч нэмэргүй бололтой.

Ийнхүү  15 яам, 26 агентлаг, ЗГХЭГ-ын орон тоог 15 хувиар цөөрүүлэх шийдвэр ёсоор бүх яамдын хувьд хэд хэдэн татан буугдах хэлтсүүд гарч буй бөгөөд өнөөдрөөс тодорхой болох аж. Нөгөөтэйгүүр татан буугдсан газруудын чиг үүргийг мэргэжлийн холбоод, хувийн хэвшилд шилжүүлэх асуудал ч яригдах гэнэ. Зайлшгүй явж таарах албан хаагчид бол бий. Засгийн газрын агентлаг 100-гаас дээш ажилтантай бол дэд дарга, эсхүл орлогч дарга нэгтэй, 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх; агентлагийн дарга нь зөвлөхгүй байх гээд тодорхой заачихсан тул хэдэн нөхөр явж таарна.

Харин засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор 180 мянга гаруй төрийн албан хаагчийн 15 хувь нь болох 2700 орчим нь цомхотгогдоно гэх яриа иргэдийн дунд гарч эхэлсэн ч үндсэндээ чиг үүрэг нь өөр газар шилжиж буйтай холбоотойгоор, харьяалагдах газар нь өөрчлөгдөх болохоос хэдэн мянгаараа цомхотгогдох асуудал байхгүй аж.

Эдгээр ярианаас орон тооны хязгаарт тулснаас үлдэх 1100 гаруй төрийн албан хаагч хөдөлгөөнд орно гэх таамаглал арай үнэнд ойртох бололтой.

Тодруулбал, Засгийн газраас тогтоосон орон тооны хязгаарт багтаан дээрх байгууллагуудын дотоод нэгжийг зохион байгуулахдаа мэргэшсэн төрийн албан хаагчдыг халж солихгүй байх чиглэл баримтлахыг Засгийн газрын гишүүдэд даалгасан тул бүтцийг нь үгүй болгосон ч дийлэнх ажиллагсдыг нь өөр газарт шингээж таарах бололтой.  

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж