Монголын туялзуур сэлэмний холбооны Ерөнхийлөгч Ц.Даваацэрэн, ОХУ-ны нэрт дасгалжуулагч Александр Ровнягинтай хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Александр Ровнягин багш ирэх хоёр жилд Монголын туялзуур сэлмийг шинэ шатанд гаргах зорилготой ажиллах юм.
Александ Ровнягин багш энэ зунаас Монгол улсад ажиллаж эхэлсэн бөгөөд ийнхүү дахин хоёр жил ажиллахаар өчигдөр гэрээг үзэглэв.
Александр Ровнягин гэж хэн бэ?
Тэрбээр 1952 онд төрсөн. Узбекистан, ОХУ, БНХАУ, Иран, Йорданы шигшээ багт дасгалжуулагч хийж байсан. 1996 оны Атлантын олимпийн наадамд ОХУ-ын шигшээ багийг дасгалжуулж алтан медаль авхуулсан. Олимпийн 4 аварга төрүүлсэн багш юм. Түүний хамгийн алдартай шавь нь Павел Колобков юм. Сүүлийн 30 жилийн хамгийн шилдэг хүнд сэлэмч гэгддэг тэрбээр 1988 оноос 2004 он хүртэл тасралтгүй медаль хүртэж, 1996 онд алтан медаль авч байсан юм. Өдгөө Оросын спортын дэд сайдын албыг хашиж байна.
Б.ЭНХ