Барьцаалагчаас гадна хоёр хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.12.16-нд нийтлэгдсэн

Барьцаалагчаас гадна хоёр хүн амь үрэгджээ

Австралийн Сидней хотын төвд орших “Lindt” кафед зэвсэгтэй этгээд олон хүн барьцаалсан хэрэг 16 цаг үргэлжилсний эцэст дуусчээ.

 

 

Кафег бүсэлсэн цагдаа нар орон нутгийн цагаар шөнийн 02:48 минутанд дотогш нэвтэрч барьцаалагчийг хөнөөсөн байна. Гэвч буудалцааны үеэр барьцааны хоёр хүн амь үрэгдэж, дөрвөн хүн гэмтэж шархаджээ.

 

Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр амь үрэгдсэн хохирогчид нь “Lindt” кафены менежер Тори Жонсон, өмгөөлөгч Катрина Давсон нар байсан аж.

 

Шинэ Өмнөд Уэль мужид Австралийн төрийн далбааг хагас бөхийлгөж,  хохирогчдын дурсгалыг хүндэтгэсэн байна.

 

Зугтаж гарсан таван хүнийг оруулаад нийт 17 хүн зэвсэгт этгээдийн барьцаанд байсан аж. Барьцаанаас өчигдөр /XII.15/ өдрийн үед таван хүн зугтаж гарсны гурав нь кафен ажилтан, хоёр нь үйлчлүүлэгч байжээ.

 

Шинэ Өмнөд Уэльс мужийн цагдаагийн газраас барьцаалагч этгээдийг Ираны дүрвэгч Ман Харон Монис гэгч байсныг мэдээлэв. Тэрээр 1996 онд Австралид улс төрийн орогнол хүсч ирсэн аж.

 

Мөн  тэрээр олон тооны гэмт хэрэгт холбогдож байсан нэгэн гэнэ. Тухайлбал, Ман Харон Монис нь экс эхнэрээ хөнөөсөн хэргээр нэмэлт мөрдөн байцаалтанд байхад батлан даалтаар суллагдаад байжээ. Үүнээс гадна тэрээр өөр 40 гаруй хэрэгт холбогдож байсан аж.

 

Үүний зэрэгцээ тэрээр дайнд амь үрэгдсэн Австрали цэргүүдийн ар гэрийнхэнд доромж үгтэй захидал илгээсэн хэрэгт сэжиглэгдэж байжээ.

 

 

 

 

 

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж