Манай аймгийн удирдлагуудын орон нутгаа хөгжүүлсэн төлөвлөгөө, дахин төлөвлөлт, гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох, орон сууцжуулж, цэцэрлэгжүүлэх ажлууд бусад аймаг орон нутгийнхны анхаарлын төвд ороод буй. Манай сонины энэ удаагийн зочноор аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр уригдан Баруун-Урт хот төдийгүй сумдад өрнөж буй бүтээн байгуулалтын ажлыг танилцууллаа.
-Нийслэлийн төвлөрлийг бууруулахын тулд аймгуудын төвийг хот болгон хөгжүүлэх нь зүйтэй гэсэн яриа сүүлийн үед ихээхэн яригдах болсон. Энэ зүгээр яригдаад өнгөрөх бус бодит ажил хэрэг болж болох юм гэдгийг Сүхбаатарчууд нотлон харуулж байна гэж хэлж болохоор байна. Аймгийн төв хурдацтай хөгжиж байгаа нь хэн бүхний нүдэнд ил байна. Үүний нэгэн адил сумд ч мөн хөгжих шаардлага байгаа нь дамжиггүй. Энэ талаар?
-Засаг дарга Ж.Батсуурийн баг 2008 онд орон нутгийн удирдлагаар томилогдоод өнөөг хүртэл ажиллаж байна. Аймаг, орон нутгаа, хотоо хөгжүүлэх олон шинэ зорилтууд Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан. Жишээ нь, Баруун-Уртад 1000 айлын орон сууц барина гэж төлөвлөсөн. Тухайн үед олон хүмүүс үлгэр ярьж байна гэж шүүмжилж байсныг санаж байна. Энэ нь ч аргагүй байсан байх, байгуулагдаад 70 шахам жил болж байсан хотод 600 хүрэхгүй л орон сууц тоологдож байсан.
Харин өнөөдөр улс орны эдийн засаг тэлж, Сүхбаатарчуудын санаачилга зүтгэлийн үр дүнд зөвхөн Баруун-Урт хотод 2000 шахам айл өрх орон сууцанд амьдарч энэ жил гэхэд 400 гаруй орон сууц, 160 гаруй хаус, амины сууц ашиглалтанд орно. Төсөв мөнгө хүнд байсан 2008 онд бид бүтээн байгуулалтын ажлаа аймгийн төв Баруун-Урт хотоосоо эхлүүлсэн. Бид улс орныхоо хөгжлийг нийслэлийнхээ хөгжлөөр л баримжаалж байдаг. Нийслэлд замын бөглөрөлд нь түгжирч гэр хорооллын тохижилт, утааны асуудал гээд шийдэгдэхгүй байгаа олон асуудлыг харж байхдаа бид мэдээж гундуу сэтгэлтэй л байдаг. Бас өнгө үзэмжтэй барилга байгууламжууд нэмэгдэж, шинэ замууд тавигдсаныг хараад улс орон маань удахгүй хөгжиж цэцэглэсэн орон болох байх гэсэн итгэл төрдөг. Энэ л үүднээс бид хувиарлагдсан багахан мөнгөний ихэнхийг тухайн үеийн Баруун-Уртын бүтээн байгуулалтын ажил руу чиглүүлсэн Энэ нь ч үр дүнд хүрсэн. Өмнө зүгийн Эрдэнэцагаан ч юмуу, хойт зүгийн Мөнххаан ч юм уу аль ч сумаас ирсэн жирийн иргэд, сум орны хариуцлагатай ажилтнууд өдрөөс өдөрт өнгө зүсээ өөрчилж байгаа хотоо хараад аймаг орон маань хөгжиж байна гэж урам зориг авахын зэрэгцээ сум орноо ингэж хөгжүүлнэ гэсэн хүсэл зоригийг тээн буцдаг байсан. 2012 онд сумын Засаг дарга нар бүрэн эрхийнхээ хугацаанд хийх ажлынхаа нарийвчилсан төлөвлөгөөг гарган, өмнөх хөгжлийн хөтөлбөртэй уялдуулж, мэргэжлийн байгууллагаар дахин төлөвлөлт хийлгэсэн. Ингээд өмнөх жилүүдэд Баруун-Урт хотод хийгдэж байсан бүтээн байгуулалтын ажлууд, шинэ санаачилгууд, шийдлүүд одоо манай сумдын хооронд бүтээн байгуулах ажлын уралдаан, өрсөлдөөн болоод амжилттай үргэлжилж байна.
-Эдийн засгийн хямрал өнгөрсөн оноос эхлэн хот хөдөөг сульдааж байгаа. Олон ч бүтээн байгуулалт царцсан. Харин манай аймагт эсрэгээр бүтээн байгуулалт өрнөөд байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Улс орон эдийн засгийн хүндрэл амсаж байгаа ч Сүхбаатарчууд шантраагүй, эрвийх дэрвийхээрээ ажилласан. Улсын төсөв хуваарилах зарчим чухам юун дээр үндэслэдгийг сайн мэдэхгүй юм. Зарим аймгуудтай харьцуулахад манай аймагт харьцангуй бага төсөв хуваарилагдаж ирдэг. Гэсэн ч бид энэ мөнгийг бага гэдэггүй. Энэ бүх бүтээн байгуулалт ганц аймгийн ЗДТГ-ын зүтгэлээр биш, бизнес эрхлэгчид, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, орон нутгийн иргэдийн санаачилгаар өрнөж байгааг хэлэх ёстой. Аймгийн нэг жилийн төсөв арван найман тэрбум байлаа гэхэд бид хамтраад 50-60 тэрбумын бүтээн байгуулалт хийх жишээтэй. Өнгөрсөн хавар, зун бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдсан. Хүйтэн сэрүүний улирал золгоод зарим ажлууд саяхнаас зогсож байна даа. Юутай ч эхлүүлсэн ажил амжилттай хэрэгжиж, аймаг, орон нутаг өнгө зүс засч, иргэд хөгжлөөрөө бахархдаг болсон нь сайхан хэрэг.
-Баруун-Урт хотыг давхар давхар ороосон аймгийн төвийн шинэ замын шийдэл содон байна. Бас төв сууринд мал хуй харагдахгүй юм, хаачаа вэ?
-Аймгийн дахин төлөвлөлт ажил хэрэг болоод явж байгаа нь энэ. Төлөвлөгөө ёсоор аймгийн төв таван тойрог замтай болж байгаа. Гол шугамын дагуух газрыг бүрэн чөлөөлсөн. Бид дахин төлөвлөлт хэрэгжих газруудад байрласан 600 гаруй айлыг нүүлгэхдээ асуудлыг дандаа иргэдийнхээ талд тэдэнд ашигтай хэлбэрээр шийдсэн. Аливаа шинэ өөрчлөлт зарим хувь хүний явцуу эрх ашигтай зөрчилдөж, тодорхой эсэргүүцэл гарч байсан ч нутаг орны хөгжлийн төлөө хийж байгаа ажлыг иргэд маш сайн дэмжсэн. Яг одоо аймгийн төвийн нэг хоёрдугаар тойргийн замыг хатуу хучилттай болгож байна. Хамгийн гадна тойрог замын дагуу 8500 орчим мод суулгасан. Үүнийгээ 20 мянгад хүргэнэ гэж тооцож байгаа. Шинээр гурван цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. Нэг цэцэрлэгт хүрээлэнд 3000 орчим мод бут сөөг, ургамал тарьсан. Хот төлөвлөлтийг зохион байгуулахдаа малтай өрхүүдээ цэгцэлсэн. Тухайн үед аймгийн төвд 150 гаруй өрхийн 1000 гаруй үхэр мал байсан. Манай Сүхбаатарчууд морь их уядаг, өвөлдөө морьд их тэжээдэг. Морь малаа гарга гэхээр, “Та нар үхэр малаа яах гэж байна, адилхан шүү дээ” гэх. Үхэр малтай нь “Энэ бол амь зуулга. Бид хаачих юм” гэдэг байсан. Ингээд бид аймгийн төвөөс долоон км-ын зайд усан хангамжийн систем, цахилгаан, дэд бүтэц шийдэгдсэн 30х30 хэмжээтэй, том хашаатай малчны хороолол барьж, иргэддээ хөнгөлөлттэй үнээр өгч, нүүлгэн шилжүүлсэн. Одоо аймгийн төв малгүй, хэрвээ мал орж ирвэл торгууль, шийтгэлээр зохицуулна. Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн хувьд тарьцны 75 хувь ургаж байвал хэвийн гэж мэргэжилтнүүд үздэг юм байна. Харин манай тарьцны 85 хувь нь ургасан. Арчилгааг нь мэргэжлийн компаниуд хийдэг. Нөгөө талаар бид энэ ажилд албан газрууддаа оролцуулж, болзолт уралдаан зарласан. Тавдугаар тойргийн мод ургавал Баруун-Урт хот хоёр гурван жилийн дараа ногоон хэрэмтэй болох юм. Дараа нь төв газруудаа зүлэгжүүлэх зэрэг бодсон ажил цөөнгүй бий.
-Аймгийн ЗДТГ-ын баруун талд 16 давхар барилгын ажил явагдаж байна. Энэ төрийн байгууллагынх уу, хувийн хэвшлийх үү?
-Энэ барилгын ажил улсын төсвийн хөрөнгөөр хийгдээгүй. Орон нутгийнхан зах зээлийн боломжоо тооцож, санаачилж зүтгэсний хүчинд худалдаа үйлчилгээ, зочид буудал, оффис бүхий цамхаг баригдаж байгаа юм. Харин бидний зүгээс аймгийн хөгжил, өнгө үзэмжийг тооцон, газраа чөлөөлж өгсөн. Барилга ирэх зун ашиглалтад орно. Аймагт ганц энэ барилга ч биш олон зуун айлыг багтаасан орон сууцны шинэ хорооллоос гадна олон улсын тэмцээн явуулж болохуйц усан бассейн, орчин үеийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайн барилгын ажил эхлээд явж байна. Саяхан манай нэг бизнес эрхлэгчийн санаачилгаар фитнессийн томоохон төв үйл ажиллагаагаа эхэллээ. 4 дүгээр бүрэн дунд сургууль ашиглалтад орлоо. Энэ өвөл хоккейн шинэ талбай, волейболын спортын шинэ төв нээлтээ хийнэ.
-Халзан, Дарьганга зэрэг сумдад зам чөлөөлж, барилга байгууламжийн ажил эхэлсэн байна. Энэ ажлууд хэзээнээс хэрэгжиж байгаа юм бэ?
-2013 оны улсын төсөв их өвөрмөц төсөв болсон. Бүх сум өөрсдөө мөнгөө захиран зарцуулах эрхтэй болж, улсын төсвөөс багадаа 300, ихдээ 700 сая төгрөгийн санхүүжилт авсан. Хэрвээ энэ их мөнгийг сумын ИТХурал тодорхой бодлого төлөвлөлтгүйгээр хувиарлаад явчихвал аль нэг багийн төвийн засвар, хаа нэг газар худаг гаргах гээд даацтай, дорвитой биш ажлуудад зарцуулагдаад дуусчих вий гэсэн болгоомжлол ч бас байсан юм. Ингээд сумдын удирдлагуудтайгаа ярьж байгаад өмнөх жилүүдэд аймгийн төв Баруун-Уртад хийж бүтээсэн ажлын туршлагууд дээрээ тулгуурлан сумын хөгжлийн сангийн мөнгийг сумын төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт руу, ингэхдээ мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар хийгдсэн сумын төвийн дахин төлөвлөлтийн дагуу зарцуулахаар болсон. Одоо сумдад өөрийн чинь харсан шиг замын бүтээн байгуулалтууд, цэцэрлэг, талбай, гэр хорооллын тохижилт, газар чөлөөлөлтийн ажил хэдийнэ эхлээд явж байна. Эхнээсээ зарим сумдад тухайлбал, Уулбаян суманд хажуудаа явган зам, бүрэн гэрэлтүүлэгтэй 2,5 км асфальтан хучилттай авто зам ашиглалтад ороод байна. Би түрүүн хэлснээр аймгийн төвд хийгдэж байсан ажлууд сумдад шилжиж, сумд өөр хоорондоо өрсөлдөөд явж байна.
-Хөдөөгийн сумдад баригдаж буй орчин үеийн барилгууд их сонин байна. Шийдэл, эрэлт хэрэгцээ, барилга барих аж ахуйн нэгж, хөрөнгө мөнгө босгох гээд алслагдсан хөдөөгийн сумдад чирэгдэл ихтэй ажил биш үү?
-Сүхбаатар аймгийн сумдыг 15-20 жилийн хугацаанд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гэж байдаг юм. Гэвч цаасан дээр буугаад олон жил болж байгаа энэ төлөвлөгөө амьдралд нийцэхээ больсон. Сумаа хөгжүүлье, энэ төлөвлөгөөг дагана гэхээр байшин барих газар нь хэдийнэ айл буусан байх жишээтэй. Манай сумын төвүүд хуучин нэгдэл байх үеийн хоёр айлын орон сууцаар ижилсдэг. Монголын 321 сум ялгаагүй, ижилхэн л дээ. Тухайн үед сумын төвийн нүүр царай болж явсан энэ барилгууд цагийн аясаар хуучирсан. Гэтэл мөнөөх барилга сумын төвийн голд байж л байгаа. Сумын өнгө үзэмжийг сайжруулахын тулд энэ асуудлыг шийдэх ёстой болж байгаа юм. Ингээд бид өмнө нь аймгийн төвд шинэ дэвшилттэй хямд технологоор инженерийн шугам сүлжээ хийж байсан “Атмор” ХХК-д хандсан юм. Компанийн зүгээс “Ийм ажлыг хийж болох ч байшингууд хоорондоо зайтай учир дулаан түгээхэд хүндрэлтэй, хожим ашиглалтын зардал нь дийлдэхгүй, харин үүний оронд хоёр, гурван давхар орон сууц барьж, халуун дулаанд холбох юм бол ашиглалтын хөлс нь хямд, үгүйдээ л бланс бариад байна. Гэвч энэ барилга бараг Улаанбаатарын ханшаар босно” гэдэг хариу өгдөг юм байна. Ингээд иргэдлээ хандлаа. “Сумын төвд орчин үеийн инженерийн шугам сүлжээтэй орон сууц барих компани байна. Бид сумын төвдөө яагаад хот суурин газрынхан шиг тохилог амьдарч болохгүй гэж. Барилга барья гэвэл дэмжих үү. Дэмжинэ гэвэл урьдчилгаагаа төлөөд барилгаа эхлэх үү” гэсэн. 2013 онд Баяндэлгэр сумын анхны 14 хүн төслийг дэмжин, гэрээ байгуулаад, моргэжийн зээл бүхий 1.3 тэрбум төгрөгийн өртөгтэй 24 айлын орон сууц баригдаж эхэлсэн.
-Сумын төвийн орон сууцны нэг метр кв-ын үнэ хэд болж байх юм. Орон нутгийнхан үнэ хөлсийг хүлээн зөвшөөрч, сонирхож байх юм уу?
-Анх хэрэгжихдээ нэг сая төгрөг байсан метр кв-ын үнэ нь энэ онд бага зэрэг нэмэгдэж 1.150 сая төгрөг болсон. Иргэд маш их сонирхож байна. Баяндэлгэр суманд гэхэд хоёр дахь, Уулбаян, Түмэнцогт суманд эхний 24 айлын орон сууцны барилга дуусах шатандаа ороод байна. Гурван суманд нийт 5.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэж байгаа ч бид улсаас нэг ч төгрөг аваагүй. Ингээд ярихаар энэ бүгдийг маш хурдан, шуурхай хийсэн шиг санагдаж магадгүй юм. Гэхдээ үгүй, бид нэлээд бэрхшээл амссан. Моргэжийн зээлийн сургаар “Сумын төвд ийм өндөр үнэтэй байранд банк зээл өгөх нь зөв үү” гэсэн эргэлзээ ч байсан. Бид “Малчны моргэжийн зээлийн хууль нь батлагдсан ч холбогдох байгууллагуудын эргэлзээ тайлагдахгүй байна. Үүнд анхаарал хандуулж өгөөч” гэж УИХ-ын даргатай хүртэл уулзаж явлаа. Мөн Монгол банкны удирдлага, холбогдох хүмүүс, энэ төслийг анхнаас нь дэмжиж ажилласан Төрийн банкны зүгээс асуудалд их нааштай, анхааралтай хандаж байсныг энд тэмдэглэж хэлмээр байна. Ингээд зээлийн асуудал нааштай шийдэгдэж, моргэжийн зээл авсан хүмүүс ямар ч асуудалгүй зээлээ төлж эхэлсэн. Энэ бол сумын иргэд, малчид өөрийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцнаас моргэжийн зээл авсан анхны тохиолдол боллоо. Монгол Улсын малчны моргэжийн зээл гэдэг бол дэлхийд байхгүй зээл гэж бодож байна. Яагаад гэвэл малчин хүний амьдралын онцлогт тохируулан зээл төлөлтийг жилд хоёр удаа л байхаар улс хуульчлан тогтоогоод өгсөн.
-Ойрын жилүүдэд аймгийн хөгжилд аль салбарын оролцоог татаж оруулбал илүү нэмэртэй санагдаж байх юм. Удирдлагууд энэ талаар тооцоо хийсэн байх гэж бодож байна?
-Сүхбаатар аймаг байгаль цаг уур, газар зүйн байрлалын хувьд давуу талтай, бидэнд ирээдүй бий. Нийслэлээс 560 км алслагдсан, эх орны зүүн хязаар, хилийн аймаг. Авто зам муутай үед нийслэлтэй холбох орон зайг холд тооцож байсан. Өнөөдөр Улаанбаатар ойртсон. Саяхан бид хатуу хучилттай замаар нийслэлтэй холбогдлоо. Тавантолгойгоос эхэлж Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн төмөр зам тавигдах төр засгийн шийдвэр нь гарсан. Энэ зам ОХУ-ыг дамжаад Номхон далайн боомтод хүрнэ. Мөн Шар тэнгист байдаг Жинжү далайн боомтоос эх авсан төмөр замын үзүүр өнгөрсөн зун манай Бичигт боомтын цаана байдаг БНХАУ-ын Зүүн Хатавч боомт дээр хүрээд ирлээ. Баруун-Уртыг Хөөтөөр дамжуулаад Бичигтийн боомттой төмөр замаар холбох улсын бодлого ч бас тодорхой болчихсон байгаа. Хөрөнгө мөнгөний асуудал нь л шийдэгдэх юм бол манай аймаг Монголд төдийгүй Зүүн Хойт Ази дахь төмөр замын сонирхолтой зангилаа болж транзит тээврийн бүс нутаг болох боломж харагдаж байгаа. Манай аймагт алт, жонш, цайр, молебдин, вольфром гээд ашигт малтмалын тодорхой илэрцүүдтэй, заримыг нь одоо ашиглаж байна. Үүн дундаас манайх хүрэн нүүрсний арвин нөөцтэй. Тиймээс аймаг хүрэн нүүрсний нөөцөө түшиглэн дулааны цахилгаан станц барьж эрчим хүч экспортлох, улмаар эрчим хүчний эх үүсвэрээ түшиглэн уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрүүд байгуулан ажлын байруудыг бий болгож, эдийн засгаа тэлэх бодлого барьж ажилладаг. Улс орны болоод аймаг орны маань хувьд ийм боломж удахгүй бий болно гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: www.sukhbaatar.mn