Австралийн Сидней хотын төв хэсэгт орших “Lindt” кафед зэвсэгт этгээд олон хүнийг барьцаанд аваад буй талаар бид мэдээлсэн. Тэгвэл зэвсэгт этгээдийн барьцаанаас гурван эрэгтэй зугтаж гарсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. “Dailymail Australia”-ийн сурвалжлагч Даниел Пиотровскийн мэдээлснээр кафены ослын хаалгаар нэг ажилтан, хоёр үйлчлүүлэгч зугтан гарч ирсэн гэнэ. Зэвсэгт этгээдийн барьцаанд кафед ажилладаг 10 хүн, 30 орчим үйлчлүүлэгч байгаа тухай “Lindt Australia”-гийн захирал Стив Лоане мэдээлсэн юм. “Daily Telegraph” мэдээлэхдээ кафед 13 хүн зэвсэгт этгээдийн барьцаанд байна гэжээ.
Одоогоор бүрэн зэвсэглэсэн цагдаа нар кафег бүсэлсэн хэвээр, барьцаалагчтай холбогдож чадаагүй байгаа аж. Кафен цонхон дээр "Аллахаас өөр шүтэх бурхан байхгүй.Мухаммед бол бурхны элч" гэсэн цагаан бичигтэй, хар тугийг барьцааны хүмүүсээр бариулан зогсоосон байна. Энэхүү далбаа нь “Исламын улс” бүлэглэлийнхтэй төстэй юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор Австралийн ерөнхий сайд Тони Абботт Үндэсний аюулгүй байдлын хороог зарлан хуралдуулжээ.
Тус кафены ойролцоо Австралийн “Reserve Bank”, Шинэ Өмнөд Уэльс мужийн парламентын ордон оршдог аж. Мөн кафегаас холгүй орших Сиднейн дуурийн театраас сэжиг бүхий боодолтой зүйл олдсоноос онц байдал зарлан хүмүүсийг түр гадагш гаргасан байна. Цагдаагийн хамгаалалтанд авсан бүст автозамыг хааж, галт тэрэг, автобусны чиглэлийг түр зогсоожээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: BBC, Reuters