Бөмбөрцгийн улсуудын анхаарлыг татаж, олон хоног хүлээлт үүсгэсэн Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн өчигдөр эцсийн шалгаруулалтаа хийлээ.
60 дахь удаагаа зохиогдож буй тэмцээнд дэлхийн 125 орны гоо бүсгүйчүүд өрсөлдснөөс Өмнөд Африкийн гоо бүсгүй Ролене Страусс гэх Анагаахын сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан титмийн эзэн болсон юм.
Английн Лондон хотноо болсон энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол Улс зургаа дахь удаагаа оролцож байгаа бөгөөд энэ жил Төрбатын Батцэцэг эх орноо төлөөлөн тайзнаа алхлаа.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд санал асуулгын дүнгээр дээгүүрт бичигдэж, гоо сайхан, бие галбираараа ялгарч байсан юм.
Түүнийг Монголчуууд шилдэг 25-д үлдэнэ, бүр дэлхийн миссийн титмийн эзэн болчих юм бил үү гэж битүүхэн найдлага тавьцгаасан ч санаснаар болсонгүй.
Гэхдээ Т.Батцэцэг муу байгаагүй, бусдаас гологдохоор харагдаагүй.
Харин англи хэлний мэдлэг сайнгүй байсан нь өөрийгөө илэрхийлэхэд нь нөлөөлсөн болов уу.
Монгол Улс анх 2005 онд энэхүү нэр хүндтэй тэмцээнд 16 настай Г.Хонгорзулыг сойж байсан бол 2006 онд загвар өмсөгч Э.Сэлэнгэ, 2007 онд Азийн хатан хаан өргөмжлөлт Г.Оюунгэрэл, 2010 онд олон жил гадаадад амьдарсан А.Сарнай, 2012 онд “Шилдэг өнгө” продакшний жүжигчин Х.Баярмаа нар тус тус оролцож байжээ.
Эдгээрээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь 2010 оны оролцогч А.Сарнай. Тэрбээр олон жил гадаадад амьдарсан, хэлний мэдлэг өндөр, өөрийгөө илэрхийлэх байдлаараа шүүгчдийн анхаарлыг татаж шилдэг 20-т багтан тайзнаа алхаж байсан юм.
Дэлхийн гэсэн тодотголтой хэд хэдэн тэмцээнээс “Зорилго бүхий гоо үзэсгэлэн” уриагаараа энэхүү тэмцээн ялгардаг. Оролцогчид нь ч хүмүүнлэгийн ажилд ач холбогдол өгч, эртнээс бэлтгэдэг.
Өөрөөр хэлбэл авьяас, спорт, үмүүнлэгийн ажил зэргээс аль нэгийг нь сонгон авч онцгойрхыг чухалчилдаг.
Манай улс шиг жижигхэн, хүн ам цөөтэй, дэлхийн мисст оролцогчоо санхүүжилт бусад зүйлээр төдийлөн дэмжиж чаддаггүй улсын хувьд аль нэг төрлөөр амжилт үзүүлж байж финалд үлдэх боломж бий. Үүнээс хамгийн ойр нь хүмүүнлэгийн ажил.
Энэ жилийн дэлхийн миссийн тэмцээний нэг онцлог нь хүмүүнлэгийн үйлсээр таван улсын миссийг шалгаруулсан.
Тэдний сонгож авсан сэдвүүд нь энгийн мөртлөө бодит үр дүнд хүрсэн нь шүүгчдэд үнэлэгджээ.
Тухайлбал, төрөлхийн уруул сэтэрхий, тагнай цоорхой хүүхдүүдийг сонгон авч мэс ажилбар хийсэн, олсон гүүрээр явж байхдаа осолдож тахир дутуу болсон хүүгээр төлөөлүүлэн өдөр бүр амь насаараа дэнчин тавин сургуульдаа хүрдэг сурагчдад аюулгүй гүүр барьж өгсөн, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж нөхөртөө 10 хуруугаа тасдуулсан эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлж, хүчирхийлэлд өртөгч эмэгтэйчүүдэд зориулсан хамгаалах байр байгуулсан зэрэг нийгмийн шинжтэй үйлс бүтээсэн оролцогчид шалгарсан юм.
Дэлхийн хэмжээний тэмцээний шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан нийгмийн асуудлууд манай улсад захаас аваад бий.
Харамсалтай нь манай оролцогчид энэ асуудалд анхаарлаа хандуулж чаддаггүй, оновчтой сэдэв сонгодоггүй.
Тэдний олонх нь аль нэг асрамжийн газар очиж, хүүхдүүдэд бэлэг өгсөн зургаа татуулах төдийгөөр хүмүүнлэгийн үйлсээ сурталчилж байна.
Хамгийн гол нь тухайн оролцогчийн санаачилсан үйлс нийгэмд бодит үр дүнгээ өгсөн байх ёстой.
Энэ шалгуур жил жилийн оролцогчдод хангалтгүй байсаар ирсэн нь үнэн.
Энэ нь тэмцээнд бэлтгэх цаг хугацаа давчуу, хөрөнгө санхүүгийн гачигдал зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой.
Хүмүүнлэгийн ажил гэхээр л асрамжийн газрын хүүхдүүдэд бэлэг өгдөг гэдэг ойлголт хэдийн ард хоцорсныг тэмцээнийг зохион байгуулагчид анхаарах цаг болсныг жилээс жилд харуулж байна.
Дараа дараагийн дэлхийн мисст оролцогчид гадаад гоо сайхнаас гадна нийгмийн чиглэлийн сайн үйлс, өөрийгөө илэрхийлэх хэлний мэдлэгтээ анхаарч чадвал титэм зүүж, эрх орныхоо нэрийг мандуулах боломж ойрхон байна.
Дэлхийн миссийн титмийн төлөө өөрийн бүх нөөц бололцоогоо дайчлан оролцсон Т.Батцэцэгт баяр хүргэе.
С.ОТГОН