Италийн нэрт худалдаачин Николо Полын хүү дэлхий дахинаа нэрээ дуурсгах үйл бүтээсэн аугаа аялагчдын нэг Марко Пологийн Хубилай хааны үе буюу 13 дугаар зууны үеийн залуу насны амьдралыг харуулсан түүхэн кино дэлхийн кино театруудаар гарч эхлээд байна.
“Марко Поло” хэмээх тус киног “Netflix” студи бүтээсэн бөгөөд зохиолыг Жон Фуско бичиж, гол дүрд нь Италийн жүжигчин Лорензо Ричелми тогложээ. Харин Аригбөхийн дүрийг Монголын жүжигчин Б.Амарсайхан бүтээсэн бөгөөд энэхүү кино манай үзэгчдийн сонирхлыг багагүй татаж байгаа юм.
Түүнээс гадна “Марко Поло” киноны 10 ангийн туршид "Алтан ураг" хамтлагийн хөгжмийг ашиглаж байгаа юм байна. Тус хамтлагын Европ дахь менежер Ж.Өнөрмаа хамтлагыг төлөөлөн "Марко Поло" кинонд хөгжим ашиглуулах гэрээг Холливудын Weinstein Сompany-тай хийсэн аж.
Энэ нь “Алтан ураг” хамтлагийн Холливудтай хийсэн хоёр дахь лицензийн гэрээ болж байна. Өмнө нь тус хамтлагийн хөгжмийг Сергей Бодровын найруулсан "Монгол" кинонд гэрээгээр ашиглаж байсан билээ. "Марко Поло" кинонд монгол жүжигчин тоглосноос гадна Монголын хөөмийчид, язгуур урлагийн хамтлаг ийн оролцож, хөгжмөө эгшиглүүлж байгаа яах аргагүй бидний бахархах зүйлийн нэг юм.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"