“Аса” циркийг зориулалтын дагуу ашиглахгүй байгаа гэж ШӨХТГ-аас үзэн, зөрчлөө арилгах есөн сарын хугацаат даалгаврыг тус циркийн удирдлагуудад хүргүүлсэн. Энэ хугацаа дуусах гэж байгаатай холбоотойгоор ШӨХТГ-ын дарга О.Магнай сануулга болгон мэдээлэл хийлээ.
“Цирк циркээрээ л байх ёстой. Гэтэл баар болон хувирсан байна лээ. Циркийн талаар ярих нь хувийн өмчид халдаж байгаа хэрэг биш юм. Анхнаасаа циркийг хувьчлахдаа менежментийн гэрээгээр хувьчилсан. Өөрөөр хэлбэл, тухайн объектийг хувьчилж авсан иргэн циркийн үйл ажиллагааг үргэлжлүүнэ гэж хувьчилж авсан гэсэн үг. Энэ асуудлыг шийдвэрлэхээр, Төрийн өмчийн хорооноос ажлын хэсэг гарч “Аса” циркийн одоогийн үйл ажиллагаанд шалгалт явуулна гэсэн. Гэтэл одоо болтол таг чиг. Энэ талаар лавлахаар, бүгд надаас зугтаагаад хариулт өгөхгүй байна. “Роял плаза” гэх байгууллагад нь албан бичиг хүргүүлсэн. Гэтэл албан бичгийн хариу өгөхийн оронд УИХ-ын гишүүд, дарга, цэргээр "наад ажлаа зогсоо" гэж яриулсан. Мөнгөтэй ч, бяртай ч бай хууль үйлчилнэ гэдгийг дахиад хэлмээр байна. Ямартай ч хуулийн дагуу бүх зүйл явагдах тул ТӨХ-ынхон шалгалтаа явуулах хэрэгтэй байна” гэсэн юм.
Д.ЖАРГАЛ