ИЗ-НН хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

ИЗ-НН хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав

Иргэний Зориг-Ногоон Нам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичигт Иргэний Зориг-Ногоон намыг төлөөлж тус намын дарга Д.Энхбат, МҮХАҮТ-ыг төлөөлж дарга С.Дэмбэрэл нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Хамтран ажиллах Санамж бичгийн зорилго нь Улсын Их Хурлаар эдийн засаг, бизнесийн салбартай холбоотой хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэх явцад харилцан мэдээлэл солилцох, хувийн хэвшлийн саналыг тусгах чиглэлээр Иргэний Зориг-Ногоон Нам, МҮХАҮТ-тай хамтын ажиллагааны зарчим, үйл ажиллагааны хүрээг нэгтгэн чиглүүлэхэд оршиж байгаа аж.

Мөн Улсын Их Хурлаар хэлэлцэгдэх хууль, тогтоомжийн төслүүдэд хувийн хэвшлийн санал, байр суурийг тусгах, хууль тогтоомжийн хэрэгжилт, хуулийн төсөлд хамтарсан судалгаа, шинжилгээ хийж харилцан мэдээлэл солилцох, УИХ-ын гишүүд бизнес эрхлэгчдийн уулзалт ярилцлага тогтмол зохион байгуулж үр дүнтэй хамтран ажиллахад чиглэгдэнэ.

Иргэний Зориг-Ногоон Нам нь УИХ-аар хэлэлцэхээр өргөн баригдсан бизнесийн харилцаатай холбогдсон хууль тогтоомжийн төслийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хаягаар тухай бүр хүргэх бөгөөд Танхим нь өөрийн гишүүн байгууллагуудад шуурхай түгээж ажиллах, Хууль тогтоомжийн хэрэгжилт, хууль тогтоомжийг шинэчлэн найруулах, өөрчлөх  хэрэгцээ шаардлагын талаар уулзалт, хэлэлцүүлэг, семинарыг хамтран зохион байгуулж байх гэнэ.

Түүнчлэн бичил, жижиг, дунд бизнесийг дэмжихтэй холбогдсон хууль, тогтоомжийн асуудлаар Улсын Их Хурлын гишүүд,  хувийн  хэвшлийн төлөөлөл оролцсон нээлттэй хэлэлцүүлэг хамтран зохион байгуулж хэрэгжүүлэх, ИЗ-НН Улсын Их Хурал дахь өөрийн гишүүдээр дамжуулан УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд МҮХАҮТ-тай тохиролцсон асуудлуудыг төрийн бодлого шийдвэрт тусгуулах чиглэлээр идэвхитэй хамтран ажиллах, Эрчим хүчний үр ашгийг 20 хувиар нэмэгдүүлэх, Хүлэмжийн хийн ялгарлыг 20 хувиар бууруулах, Байгальд оруулах хөрөнгө оруулалтыг 20 хувиар нэмэгдүүлэх зэрэг МҮХАҮТ-аас боловсруулсан “Таван 20-ийн зарчим” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр ИЗ-НН хамтран ажиллана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж