Өнгөрч буй өдрүүд монголчуудын хувьд дуулиан, шуугианаар дүүрэн байв. Жүжигчин Б.Амарсайхан Холливудын улаан хивсэн дээгүүр алхаж, бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон Ж.Нурлан алтан медаль хүртсэнээр, энэ төрөлд монгол хүн анх удаа аварга боллоо. Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон Т.Батцэцэг цахиур хагалсан бол энд өөр нэгэн бүсгүй олон улсын тэмцээнд оролцох эрх авч монголчуудынхаа магнайг тэнийлгээд байна. Түүнийг “Амьдралын тойрог” булангийнхаа зочноор урилаа. Энэ эмэгтэй бол “Цэрэн турс” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор юм. Тэрээр ирэх дөрөвдүгээр сард Шведэд болох Хойт туйлын цасан дундуур нохой чаргаар 300 км замыг туулах “Fjallraven polar 2015” уралдаанд оролцох эрхийн төлөө Пакистаны өрсөлдөгч Моин Хантай интернэт санал асуулгаар өрсөлдөж баасан гаригийн 18.00 цагт 48517:39220 саналаар тэргүүлсэн баярт мөчид манай сурвалжлах баг зорьж очлоо. Тэрээр биднийг УИХ дэлгүүрийн зүүн тал дахь аялал жуулчлалын “Цэрэн турс” компанийнхаа байранд угтсан юм.
САНАЛ АСУУЛГА МОНГОЛЧУУД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙГ ХАРУУЛАВ
Хойт туйлын бартаат 300 км замыг туулах адармаатай, адал явдал бүхий аялалд Монгол Улсаа төлөөлж оролцох боллоо. Бас тэнд монгол эмэгтэйн тэвчээр хатуужил, зоригтой дайчин чанарыг харуулах боломж олдлоо. Танд баяр хүргэе хэмээн очсон бидэнтэй тэрээр даруухан бас догдлонгуйгаар гар бариад “Би энэ сарын 3-4-ний шөнө санал асуулгад орж найм хоног уралдлаа. Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа 1000 гаруй хүнийг ардаа орхиж түрүүлсэндээ баяртай байна” хэмээн угтсан юм. Түүний хувьд оноогоор түрүүлэхгүй бол Монгол Улс энэ уралдаанд орохгүй байх шалтгаан их. Учир нь тус тэмцээн давхар маркетингийн зорилготой. Тиймээс маркетинг хийж буй байгууллага 180 сая хүн амтай Пакистаныг сонгох уу, гуравхан сая хүнтэй Монголыг сонгох уу гэдэг асуудалтай. Эсвэл зардал хямдыг нь бодож оролцогчоо ойроос сонгож болох. Гэвч, Монголын Э.Цэрэндолгор барианд орлоо. Түүний хувьд говь цөл, Сибирийн аглагт дуртай. Тэгвэл аялах зам нь нүд алдам тал, гэхдээ цасан дундуур бартаат замаар 300 км туулах юм. Уралдаанд оролцох шалгуур энгийн, фейсбүүкт хаягтай байх ёстой, тэнд өөрийгөө маш амархан ойлгуулж чадах хэдхэн минутын бичлэг буюу баримтат киног оруулна.Санал асуулга цахим ертөнцөд өрнөнө. Ерөнхийдөө тухайн ард түмний мэдлэгийн төвшин, технологид хэр нэвтэрсэн нь гол болохоос хүний олноор шийдчихдэггүй аж. Тэгэхээр монголчуудын хувьд бас тэрхүү шалгуурыг давж чадлаа. Харин тэр хүртэл Э.Цэрэндолгор монголчуудаасаа өөрийгөө дэмжих, эсэх талаар урьдчилсан тандалт хийчихсэн байжээ. Эхэндээ зарим нь улстөртэй холбож буруу ойлгосон бол олон улсын уралдаан болохыг мэдсэнээр хүчтэй дэмжжээ. Фейсбүүкт аливаа асуудлыг тавихад нэг хэсэг нь мэдсэн, нөгөө хэсэг нь мэдээгүй гэхчлэн асар их шуугиан, дуулиан, маргаан үүсгэдэг. Тэр тусмаа манай зочин “Цэнхэр үст” Цэрэнг ямар нэгэн асуудал цахим ертөнцөд оруулахад “Энэ дандаа л маргаан үүсгэж байх юм” гэхчлэн хандах нэгэн ч бий. Гэтэл нохой чарганы уралдааны тухайд бол бүгд дэмжиж, нэгэн дуугаар магтсанаар бас нэгэн шинэ давалгааг үүсгэсэн юм. Нэг үгээр хэлбэл, Цэрэнгийн нэр зүсийг нь ч мэдэхгүй олон монгол хүн дэлхийн өнцөг булан бүрээс нэгдсэн нь монголчууд эвтэй байхдаа хүчтэйг харуулж чаджээ. Нохой чарганы аялал, тэр талаарх мэдээлэл хэсэг хугацааны дараа магтагдаж болох ч энэ цаг мөчид дэлхийн өнцөг булан бүрээс онлайн ертөнцөд 50 мянган удаа Монгол гэсэн нэрийг оруулснаараа монголчууд түүхээ бичсэн. Одоо харин таван өдрийн тэр аяллыг амьдралынхаа мартагдашгүй нэг хэсэг болгох, мөн Монгол Улсаа хэрхэн сурталчлах вэ гэдэгт Э.Цэрэндолгор өөрөөс шалтгаалах бүхнээ бэлтгэх л үлдлээ. Үүнийгээ ч тэр ойлгосон байна лээ. Учир нь “Дуугүй байх сурталчилгаа биш, тиймээс тэр бүхний төлөө сайтар бэлтгэж, зарим зүйл дээр бардам онгирч явах болно. Тэнд олон улсын баг ажиллана. Би юуны төлөө Азиас анх удаагаа орж байгаа билээ, тиймээс нэлээн чимээтэй байна гэж бодож байгаа” хэмээн сэтгэлээ нээсэн юм. Түүнд амжилт хүсье.
БИДНИЙ МЭДЭХ “ЦЭНХЭР ҮСТ” БУЮУ ОГТ ТАНИХГҮЙ ЭНЭБИШИЙН ЦЭРЭНДОЛГОР ХЭН БЭ?
Дээрээ хоёр ахтай айлын ганц охин 3 хүүхэд, 2 ачтай өнөр өтгөн гэр бүлийн эзэгтэй болжээ.
Аялал жуулчлалын “Цэрэн турс” ХХК-ийг 20 жилийн тэртээ үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байгаа. Хэлний мэдлэг, хэл сурах авьяасаар бусдыг дагуулахааргүй нэгэн. Үсээ цэнхэрээр буддаг, өвөрмөц стиль имижтэй. Зураач мэргэжилтэй, урлагийн мэдрэмжтэй. Аялах, бас мөрөөдөх дуртай. Сайн санааны болоод буяны үйлсийн эхэнд явж, ихэнхдээ санаачлагч болж салхи хагалагч. Нийгмийн аливаа асуудлаар заримдаа манай эрэн сурвалжлах сэтгүүлчдийн илрүүлээгүйг олоод мэдчихсэн олон нийтэд сэрүүлэг өгч дуугарч байдаг, тэр л асуудлаараа цахим ертөнцөд үзэл бодлоо уралдуулж, заримтай нь хэрүүл тэмцэл өрнүүлээд амжчихсан байх жишээтэй.
Тэгвэл Энэбишийн Цэрэн 1970 онд Баянхонгор аймагт төрсөн. Бараа ихт Номгон хайрханы өвөрт, Түйн голынхоо усанд шумбаж, алтанхан элсэн дээр нь мөрөө гарган тоглож өссөн охин. Ээжийнхээ хайранд нялхарч, хоёр ахынхаа нөөлөгт эршүүд болж төлөвшсөн. Түүний ээж Д.Энэбиш гуай Баянхонгор аймгийн Шастины нэрэмжит нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт насаараа ажилласан, олондоо хүндтэй, шударга цэгцтэй сайхан буурал бий. Чухамдаа “Цэрэн турс” компанийн захирал, олон нийт, нийгмийн сүлжээнд од болж гялалзсан Э.Цэрэн хатагтайн хэн болсон, тэр бүхний цаадах хүчирхэг бөгөөд нөлөөт толь бол түүний ээж юм. Ээж нь охиноо “Миний муу бээлийн чинээ охин эр хүний дайтай” хэмээн магтдаг бол хоёр ах нь дүүгээ муухан эр хүнээс илүү” гэж үнэлдэг. Одоо бол Э.Цэрэндолгор өнөр бүлийн эзэгтэй, гурван сайхан хүүгээ өсгөж хүмүүжүүлсэн хүчирхэг эмэгтэй. Одоогоос 20-оод жилийн өмнө бизнест хөл тавьж, аялал жуулчлалын “Цэрэн турс” компаниа үүсгэн байгуулсан. Эзэмшсэн мэргэжлийн хувьд өөрийнх нь даруухан тэмдэглэснээр зураачийн мэргэжлээс өөр боловсрол, тэгтлээ гэгээрсэн зүйл үгүй гэнэ лээ. Хүүхэд байхдаа физик, математикийн хичээлд маруухан ч өөрийгөө илэрхийлэх чиглэлийн хичээлүүдэд гаргууд байж. Баянхонгор аймгийн I, II 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1986 онд Монголын үе үеийн дүрслэх урлагийн томчууд, нэрт мастеруудын эрдмийн уурхай болсон Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн суралцсан. Энэ сургуульд орохдоо хүн ам, газар нутгийн хувьд улсын хэмжээнд томд тооцогддог Баянхонгор аймгийн авьяастай гэсэн бүх хүүхдээс ганцаараа шалгуурт торж үлдсэн хоёрхон хүүхдийн нэг. Зураач хэдий ч мэргэжлээрээ ажиллаж үзээгүй, харин нийгмийн оюунлаг хэсэг, зураач нар болоод юмыг өөрөөр хардаг хүмүүсийг дэмжихийг хүсдэг нэгэн. Түүнийг сургуулиа төгсч байхад 1990-ээд оны хүнд үе, зах зээлийн шуурга дайрч, юун зураг зурах талхны мөнгө олох, хоолтой хонох тухай бодоход хүргэсэн. Ингээд бизнес гэж мэдэхгүй нэгэн бизнес рүү орсон гэдэг ч магадгүй аялал жуулчлал өөрөө аялах бас адал явдалд дуртай Э.Цэрэндолгорыг сонгосон ч юм бил үү. Ямартай ч түүний анхны ажил нь Австралиас ирсэн унадаг дугуйн аяллын санал байсан бол тэр нь танилцаж гэр бүл болоод удаагүй шинэхэн хосын ажил, амьдралын анхны алхам байж. Хүмүүс бодохдоо олон жил бизнес хийсэн, хөл дээрээ боссон гэж санах ч энэ салбар мөнгө хийхэд бэрх, эхний 10 жил нь л гэхэд юу хийхээ мэдэхгүй төөрч ирсэн бол одооноос л жаахан гайгүй болох гэж зүтгэж байгаа аж.
ЦАХИМ ЕРТӨНЦӨД ШУУГИАН ТАРИХ ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ?
Нийгмийн нэг хэсгийн эсвэл нийтийн эрх ашгийг хөндсөн, эсвэл далд асуудлыг ил гаргаж тавьснаар асар их маргаан үүсгэдэг. Гаргаж тавих нь бас зориг шаарддаг. Учир нь иймэрхүү асуудлыг зарим нь мэдсэн ч “за яршиг” гээд хойш тавьдаг шүү дээ. Тэгвэл Цэрэн тийм биш. Нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, зоригтой, хүсэл эрмэлзлэлтэй хүн учраас бидний өмнө тулгарч буй хөндүүр асуудлууд, эмзэг сэдвийг ил гаргаж тавьдгаас баатар болох зорилго түүнд үгүй. Магадгүй түүний хувь хүний зан чанартай ч холбоотой байж болох. Найз нөхөд нь түүний тухайд “…Бүр багаасаа л шударга бус, тэгш бус зүйлд дургүй байсан” хэмээн тодорхойлдог юм билээ. Тэгээд ч нийгэм маань шударга байна уу гэвэл үгүй байгаа ийм үед тийм л хүн хамгийн түрүүнд дуугарах нь ойлгомжтой. Нийгэм маань зөв, цэвэр байгаасай гэж хүсдэгтээ тэр фейсбүүкээр асуудлыг ил гаргаж тавьдаг биз. Тухайлбал, түүний анх гаргаж тавьсан Мүүний шашныхны асуудал байна. Монголчууд мэддэг хэрнээ тэр бүр дуугараад байдаггүй сэдэв. Тэндээс Цэрэн юу ч хожоогүй, нийгэм хохирох гээд байхад эх орондоо хайртай, үр хүүхэддээ хайртай хүний хэлэх л асуудал, тэмцэх л хэрэг тэр. Түүний фейсбүүкт өрнөдөг маргаан, мэтгэлцээнд тэр баримт тавьж, байр сууриа хүчтэй илэрхийлдэг. Хүмүүсийн дайралт, доромжлолд тасхийсэн хариу өгч чаддаг. Тэглээ гээд блок хийгээд, хүмүүсээс зайгаа барина гэж үгүй. Бас тэр худал цэцэрхэгч биш гэдэг нь түүний ил гаргасан, ишилж тавьсан баримтууд бэлхэнээ харуулдаг. Харин зарим нь түүнийг хэрэлдлээ, хэрүүлч энэ тэр гэх нь бий. Үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө үсээр нь, биеэр нь, нөхрөөр нь, гэр бүлээр нь доромжилж байхад тэр мэдээж дургүйцэж л таарна. Гэтэл хамгийн гол асуудал бол түүний дэвшүүлээд байгаа байр суурь, үзэл бодол. Тэр дотор юу байгааг харах л чухал болохоос Цэрэнгийн үс ямар өнгөтэй, тэр гадаад нөхөртэй байх эсэх үнэндээ ямар ч хамаагүй билээ. Түүний гаргаж тавьсан, сайтар анхаарч харсан нэг асуудал бол өнгөрсөн аравдугаар сард Баян-Өлгий аймгийн бүргэдчин охинтой гадаадын киноны баг ганц ам.долларын гэрээ байгуулж мөлжлөг хийсэн явдал байв. Аяллын шугамаар очсон Цэрэн тэнд бүргэдийн баяр дээр гялалзсан ганц охин байгааг хараад бусдын адил баярлаж, бахархаж. Уулзаад ярьтал аав нь таньдаг казах болохыг мэдэж, улмаар гэрт нь зочилсноор гэрээний асуудлыг олж мэдсэн байдаг. Гадныхны гэрээ гэдэг тэр чигээрээ залины үг байдаг бол тэр нь ганц Н.Айшолпан охины бус нийт монголчуудын эрхзүйн мэдлэгийг харуулсан явдал, маш том шалгалт байсан юм. Гэрээ ийм байх ёстой, ёсгүй гэхчлэн талцсан маргаан үүссэн ч эцэстээ охины эрхийг хүндэтгэх, насанд хүрээгүй хүнтэй яагаад гэрээ байгуулав, монгол хүний үнэ цэнэ юу байх вэ гэхчлэн эргэж харах нөхцөл үүсч, өмнөх гэрээг хүчингүй болгосон билээ. Тэнд охины ээж казах эмэгтэй, монгол бүсгүй Цэрэн, түүнтэй хамт Баян-Өлгийд очсон Голландын жуулчин эмэгтэй, гэрээ байгуулсан талыг төлөөлсөн гадаадын хоёр ч эмэгтэй гээд 4-5 бүсгүй тэнд хүч, ухаанаа уралдуулсан байдаг. Тэр дотор Цэрэн хамгийн нөлөөтэй, ухаалаг нь байж, асуудлыг шийдвэрлүүлж чадсан юм. Харин одоо бол тэрээр би асуудлыг олон нийтийн анхааралд оруулсан, эхний шүгэлийг үлээсэн, харин юу болж ямар шийдвэр гаргахад оролцох шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа ажээ. Гэтэл олон нийт асуудлын эцсийг хүртэл яваасай, тэмцээсэй хэмээн түүнээс илүү ихийг хүсч байгаа. Үнэндээ бол Монголын хүний эрхийн байгууллагууд, өмгөөлөгч, хуульчид анхаарах ёстой билээ. Энэ мэтээр түүний дэлгэсэн сэдэв цөөнгүй. Тэр нь дандаа хүний төлөө байсныг онцлоё. Тэрээр 40 насны төрсөн өдрөө утга учиртай тэмдэглэсэн бүсгүй. Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөрөг зургийн уралдааныг өөрийн жижигхэн кафед нээж, хүүхэд болгон хүсч мөрөөддөг юм шүү, тэднийг ойлгооч, зөв хараач гэсэн мессэж дор олон нийтийн хүртээл болгож байсан юм. Цэрэн ийм л сонин зүйл сэдэж, хэний ч олж хараагүй, сэдээгүйг хийж хэрэгжүүлдэг нэгэн. Түүний энэ алхмууд, тэсрэлтийг түүний хань, хөвгүүд хэрхэн дэмждэг бол гэж бодогдоно. Тэгвэл нохойн чарганы уралдаанд оролцох эрхийн төлөөх санал асуулгад дөрвөн мянган саналаар ялагдаж явахдаа “Өрсөлдөгчдөө бууж өгье” гэхэд нөхрийнх нь хэлсэн “Тэгвэл чи яах гэж оролцсон юм бэ” гэсэн ганцхан асуулт үүний хариулт болно. Хөвгүүд нь ч ээжийгээ байгаагаар нь хүлээж авдаг аж.
-ЦЭНХЭР ҮСТ ЭГЧ ОВОО ГАР ЮМ АА…
-ТЭГВЭЛ ХАРИУЛТЫГ ӨӨРӨӨС НЬ:
Түүний фейсбүүкийн найзууд дотор төрөл бүрийн мэргэжил, янз бүрийн сонирхол, хоббитой олон хүн байна. Тэр дотор өсвөр үеийнхэн, 17 настай идэрчүүд ч байх. Тэдний олонх нь дээрх үгийг хэлсэн байх юм. Тэгвэл Цэрэн юу боддогийг асуулаа. Тэрээр “Цэрэн гэдэг хүн нийгмийн сүлжээнд яагаад идэвхтэй байдаг вэ гэвэл, хүмүүс янз бүрээр тайлбарлаж мэднэ. Би бол Монголын нийгмийн өсч төлжиж байгаа залуу үед урам өгөхсөн, ташуур нэмэхсэн гэж боддог. Сүүлийн 20 жилд бид тэднийгээ орхиж ирсэн. Тэгчихээд гэнэт өнөөдөр энэ хүүхдүүд гажиг болчлоо, солонгосууд шиг гэхчлэн шүүмжилдэг. Яс юман дээр 1990-ээд онд наймаанд яваагүй аав, ээж байдаггүй, гэр бүлээ орхиогүй хүн цөөн, салж сарниагүй гэр бүл үгүй, хоосон хонож байгаагүй айл өрх байхгүй. Өрөнд орж байраа зараагүй айл байгаагүй. Ингэж байж бид ардчилалд хүрсэн. Гэтэл ордонд сууж байгаа хэдэн хүн хийчихсэн юм шиг зарим нь ярьдаг. Ардчиллыг монголчууд асар их үнээр авчирсан. Ихийг төлсөн. Тэр үе маань өнөөдөр хорин хэдэн насанд хүрч, хайрыг мэдрэхгүй гарч ирсэн мэт санагддаг. Хүүхдийнхээ эмзэг нас шилжилтийн үед салаад явсан аав, ээж зөндөө. Тэр хүүхдүүд өнөөдөр эцэг, эх болохдоо бага насных нь шархууд сэдэрч байна. Ийм үед бидний чадах юм, тэдэнд эрч хүчийг өгөх, өөрөөрөө байхдаа битгий ич, битгий ай, чи өөрөө өөрийгөө ол гэдэг асуудлыг тавихаас өөр арга алга. Гэхдээ мууг нь дэмжсэн юм биш л дээ. Асуултыг тэгж л хариулттай нь өгөхөөс аргагүй” хэмээн ярьж байна.
ХҮМҮҮСИЙГ ОЙЛГОХ НЬ ХАМГИЙН ТОМ БЭЛЭГ
“Цэрэн турс” компани байгуулагдсан цагаас өнөө хүртэл тавьсан зорилго нь гаднаас валют оруулж ирэх. Харин гадагшаа жуулчлуулах сонирхол байдаггүй аж. Харин монголчуудаа дотоодоор аялуулсан гэдэгт тэр тэгж худал хэлэхгүй хэмээсэн. Гэхдээ тэд жил бүр 40 хүүхдийг бэлтгэж, монгол нутгаараа аялуулдаг, цалинтайгаар ажил хийлгээд явуулдаг. Аялал жуулчлал хөл дээрээ босох болоогүй ч өөрөө өөрийгөө олоогүй залуусыг хэлнйи мэдлэг дээр нь дөрөөлж хөдөө орон нутагт ажиллуулснаараа тэдэнд бага ч атугай боломж олгодог. Нөгөөтэйгүүр, богино зайд жуулчлал явуулах боломж Монголд хомс байдаг учраас бодлого хэрэгтэйг тэрээр онцолж байна. Манай зочны хувьд дэлхийн 40 гаруй улсад аялсан. Улс бүр өөрийн онцлогтой, бүгд сэтгэлд үлдэх сайхан дурсамжтай. Хүмүүс аялсан газраасаа дурсгалын зүйл авчирдаг бол түүний хувьд улс үндэстэн, хүмүүсийг ойлгох нь тэндээс авчрах хамгийн том бэлэг ажээ. Харин хобби гэвэл гэрэл зураг авах, хийсэн бүтээснээ түүгээр л мөнхжүүлдэг аж.
ӨӨР ЭЭЖ, ӨӨР ЭЗЭГТЭЙ
Тэдний том хүү тусдаа гарсан, тийм болохоор тэдний амьдралд оролцох дургүй хэмээн зочин маань ярьж байна. Одоо нөхөр, хоёр хүү, ээжтэйгээ амьдардаг. Түүнийг хүмүүс “супер ээж” гэж хардаг бол тэрээр 84 настай ээжийгээ харах юм бол, би өөрийгөө халамжтай сайн охин гэхгүй хэмээж байна. Бас сайн эхнэр үү гэтэл тийм биш гэнэ. Мөн харийн болчихсон бэр үү гэвэл тийм биш, эх оронч нэгэн. Гайхалтай ээж мөн үү гэвэл, сулхан хэмээн хариулж байна. хүүхдээ бээлийгээ өмс, даарах вий гэдэг ээж тэр биш. Харин ч бээлийгээ хаясан бол чиний л хэрэг, гар чинь даарвал хүйтнийг мэдэр гэхээр. Түүний хүүхдүүддээ өгөхийг хүсдэг зүйл бол өөрийнхөөрөө бай, өөрийгөө илэрхийлэхдээ зоригтой бай. Нэг зүйлд сул талтай бол түүнээсээ ичих хэрэггүй, давуу талаа гаргаж тавь гэсэн зарчим аж. Хүмүүс эхнэр, нөхөр болчихоороо эхнэр загнана, нөхөр загнана гэдэг бол тэдний гэрт тийм уур амьсгал байхгүй. Тэд бие биеэ дэмждэг гэр бүл.
“МОНГОЛЧУУДДАА БАЯРЛАЛАА”
“Амьдралын тойрог” сурвалжлагын төсгөлд нэг зүйлийг онцлоход тэр сонирхолтой бөгөөд баян намтартай, олон зүйлийг хийж бүтээсэн, өвөрмөц үзэл бодолтой, нийгмийн сүлжээний идэвхтэй бөгөөд гялалзсан од, хүний эрхийн төлөө тэмцэгч, нийтлэлийн эхэнд тэмдэглэсэнчлэн нийгмийнхээ болохгүй бүтэхгүй байгааг зоригтой илчилж хэлдэг сэрүүлэгтэй цаг, сэтгүүлчийн хувьд өдөр бүр уулзаад баймаар, бас хэчнээн ярилцсан ч, бүр дахин дахин ярилцлага хийсэн ч уйдамгүй гайхалтай ярилцагч байсныг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Харин тэр өөрөө өнөөдөр Цэрэн гэж байгаа ч тэр өөрөө сайндаа биш түүний ард ээж нь, нөхөр нь, хүүхдүүд нь байна, ард нь ажиллаж байгаа “Цэрэн турс” компанийн хамт олон бий. Намайг тэвчиж, хамт байгаа тэдэндээ баярлалаа хэмээн дамжуулж байна лээ. Бас монголчууддаа, онлайн сүлжээгээр өөрт нь саналаа өгч, урамшуулж, зоригжуулж, бодит байгаа хүчээс маань илүү үнэлж, асар их итгэл хүлээлгэн дэмжсэн бүх хүнд талархал дэвшүүлсэн юм. Монголчуудынхаа төлөө, Монгол Улсынхаа төлөө олон зүйл хийж, бүтээхийг хүсдэг тэрээр “Монголчууд бидэнд эв нэгдэл, зөвшилцөл маш чухал, зөвшилцөл гэдэг нь хэн нэгэтэй шууд тохиролцохыг бус хэн хэнээ сонсч сурахыг хэлж байгаа юм шүү. бид сэрж байна, сэхээрч байна, хоёр жилийн өмнөхөөс, таван жилийн өмнөхөөс бид өөр болж байна. мэдээлэл хаанаас авахаа мэддэггүй байсан бол өнөөдөр учраа олж байна, мэдээллээ зөв авч, түүнээ шүүж чадах аваас бүх мэдээлэл бидний өмнө нээлттэй байна. Тийм учраас монголчууд маань ухаантай, зоригтой бай. Эх оронч гэж цээжээ дэлдэж, хэн нэгнээ няслах тухай биш юм шүү. Энэ асудулыг ярихаар намайг гадаад хүнтэй суусан гэдэг. Гэтэл миний нөхөр монголчуудын асуудалд, миний ярьж хэлж байгаа зүйлд хэзээ ч оролцдоггүй. Ийм тохиолдолд хувь хүний хэрэгт хэт оролцож, бие биеэ буруутгасан асуудал бүү гаргаасай. Өнөөдөр энэ асуудлыг Цэрэн ил тод шууд хэлж байгаа юм. Над шиг хувь заяатай эмэгтэй олон байгаа шүү дээ. Тэднийгээ бид түлхэх ёстой юм уу, элэг татаж нэгдэх ёстой юу хэмээн тэрээр ярьж байна. Магадгүй түүний хувьд гадагшаа гарч амьдрах сонголт байсан байхыг үгүйсгэхгүй. Эх орондоо, настай ээждээ уяатай амьдарч байгаа тэрээр гадаадад амьдардаг 400-500 гаруй монгол эмэгтэйчүүдтэйгээ харилцаатай байдаг юм билээ. Гэхдээ тэр Монголоосоо хаашаа ч явахгүй гэдэг үгээр “Амьдралын тойрог”-оо жаргаая. Бидний энэ удаагийн сурвалжлага ийнхүү өндөрлөсөн ч үзэл бодлоо хуваалцаж, Монголынхоо төлөө, монголчуудынхаа төлөө дахин дахин ярилцахын ерөөл тавья.
Ч.ҮЛ-ОЛДОХ, Х.МОНГОЛХАТАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин