Хятад дахь интернэтийн мэдээллийг зохицуулах төрийн хэлтсийн дарга Лу Вэй АНУ-д зочилж, Facebook-ийн эзэн Марк Цукербергийнд зочилжээ. Энэхүү уулзалтын нэгэн гэрэл зураг дээр Цукербергийн ширээн дээр байх Хятадын лидер Си Зиньпиний ном эрхгүй анхаарал татна. Дараахан нь америк бизнесмэн энэ номыг уншиж, танилцахыг ажилтнууддаа санал болгосон аж. Цукерберг яагаад Си Зиньпиний номыг рекламдаж байгааг The National Interest тайлбарлах гэж оролджээ.
Facebook-ийн тэргүүн Марк Цукерберг компанийн ажилтнууддаа хандаж БНХАУ-ын дарга Си Зиньпиний “Хятад дахь төрийн удирдлага” номыг уншиж Хятадын онцлогтой социализмийг ойлгож, мэдэхийг уриалсан нь шуугиан дэгдээгээд байна. Тэрээр Хятадын интернэт орон зайн удирдагч Лу Вэйг хүлээн авах үеэр ширээн дээр нь эл ном байсан бөгөөд Цукерберг бусадтай хуваалцахын тулд дахин хэдийг худалдаж авчээ. Гэхдээ Си өөрөө энэ номыг бичээгүй, харин Хятадын лидерийн хэлсэн үг, ярилцлагын цуглуулга ажээ. Цукерберг БНХАУ-ын даргын пиар-төлөөлөгчийн дүрд тоглосон нь Хятадын блог ертөнцийнхэнд таалагдсангүй. АНУ дахь технологийн тэргүүлэх компанийн тэргүүн Цукерберг энэ үйлдлээрээ ихээхэн дайрлага, давшлагад өртөнө гэдгээ мэдээж тооцоолсон биз.
Цукерберг Бээжинг аргадаж, ая тал засах гэж оролдож байна уу? “Тийм” гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна. Бусад нөлөө бүхий олон бизнес-лидерийн адилаар тэрээр өөрт нь хаалттай байгаа Хятадын зах зээлд нэвтрэхийг хүсч байж болох юм. Facebook Хятадад хаалттай байсаар байна. Тэгэхээр Цукерберг хятадуудыг гайхуулж, өөртөө татах гэж бүх хүчээрээ чармайж байх шиг, Цинхуа их сургуулийн оюутнуудын өмнө хятадаар ярьж, ажилтнууддаа Си Зиньпиний номыг уншихыг уриалж, саяхан Цахиурын хөндий дэх албан өргөөндөө Хятад дахь интернэтийн эрх чөлөөг захирч суудаг Лу Вэйг хүлээн авах зэргээр. Мэдээж эдгээр алхам нь Америкийн үйлдвэрийн эздийн сүүлийн хэдэн арван жилийн турш хийж байсан оролдлогоос зарчмын хувьд ялгарахгүй. Ингэж долигонож, нүүр тал засах нь сайхан биш ч Хятадад бизнес явуулах үнэ цэнэ ийм л байдаг билээ.
Нөгөө талаар, үнэхээр Цукерберг Си Зиньпиний номдоо өгүүлж буй үзэл бодлыг хуваалцдаг уу? Үүнийг батлах арга байхгүй ч Facebook сүлжээ нь өөрийн хэрэглэгчдийн хувийн амьдралд хутгалдаж байдгийг анхаарахгүй орхиж боломгүй. Facebook нь таны онлайн хөдөлгөөнийг дагаж мөрдөн, хувийн чанартай мэдээллийг тань олон нийтэд дэлгэж, мөнгөө юунд зарцуулах дуртайг чинь найз нөхдөд тань дэлгэж байдаг билээ. Цукерберг Бээжингийн удирдагчийн номны талаар ямар ч мэдэгдэл хийсэнгүй. Гэхдээ Хятадын лидерийн ямар нэг үзэл санаа түүнд таалагдсан гэж бодоход хүргэж байна. Тэр зүгээр л Хятадын онцлогтой социализмийг ойлгохын тулд энэ номыг унших хэрэгтэй гэж зөвлөсөн нь ирээдүйн бизнест нь ашигтай юу гэдгийг харах л үлдлээ.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин