Хүүхдийн эмнэлгээр шоу битгий хийгээсэй

Хуучирсан мэдээ: 2014.12.15-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эмнэлгээр шоу битгий хийгээсэй

Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн дэргэдэх хүүхдийн тасгуудын ачаалал 2-3 дахин хэтэрч, хонгилдоо тасаг болгосоор удаж байна. Хөөрхий үрсийн шалан дээр зулчихсан дүр төрх, хүйтэн сэрүүний улирал бүрт  давтагдах  ачааллыг  эмнэлгийн эмч, ажилтнууд нуруун дээрээ үүрч гарсаар энэ байдалд нүд дассан. Ийм цаг үед их аварга Д.Дагвадорж хүүхдийн эмнэлэг байгуулахаа албан ёсоор мэдэгдсэн нь олон нийтийн талархлыг хүлээгээд байгаа. Энэхүү таатай мэдээ дуулаад удаагүй байхад өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас 150 ортой хүүхдийн эмнэлэг байгуулах шийдвэр гарлаа. Ингэхдээ төрийн өмчийн сул байруудыг ашиглах нь зүйтэй гээд Засгийн газрын Х байр буюу Соёл, спорт аялал жуулчлалын яамны  байрыг хүүхдийн эмнэлэг болгох боломжтой талаар албаныхан мэдээлэв. Цаг үеийн хэрэгцээ шаардлага их байгаа учраас  хүүхдийн эмнэлгийг Эрүүл мэнд, спортын яамны харьяанд байгуулж, мэргэжлийн удирдлага, боловсон хүчнээр хангах бусад бэлтгэл ажлыг хийгээд 2015 оны хоёрдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахыг Г.Шийлэгдамба сайдад, холбогдох эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад үүрэг болгосон. Татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байр буюу Засгийн газрын Х дугаар байр барилгачдын талбайн ард буюу хотын төвд байрладаг. Энэ байрны хажууханд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Барилга хот байгуулалтын яам мөн байрлаж буй. Хэрэв энэ байранд эмнэлэг байгуулахаар эцсийн шийдвэр гарвал бусад байгууллагууд өөр тийшээ нүүх шаардлагатай болно. Нөгөө талаас төрийн байгууллагууд төвлөрсөн энэ бүсэд автомашины зогсоол ховор, хөл хөдөлгөөн ихтэй, анхнаасаа оффисын зориулалтаар  баригдсан барилгад хүүхдийн эмнэлэг байгуулах нь хэр тохиромжтой вэ гэх асуулт гарч ирнэ. Засгийн газраас заавал шинэ барилга барихгүйгээр нөөц боломжоо ашиглана гэдэг үүднээс энэхүү шийдвэрийг гаргасан ч яамны барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглахаар засвар шинэчлэл зайлшгүй хийж таарна. Нийслэлийн хүн амдаа хүрэлцээтэй хүүхдийн эмнэлэг, амаржих газартай болтлоо ашиглах урт настай эмнэлэгтэй болъё гэвэл энэ мэт эрсдэл, нөхцөл  байдлыг заавал харгалзаж үзэх ёстой. Харин хүйтний улирал дуусч, хөхүүрийн ам наашлах цагт мартагдаж, хаалгаа барих  хүүхдийн эмнэлгийн талаар ярьж байгаа бол нэр төдийхнөөр нүд хуурч болох байх.  Яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох  нь эцсийн шийдвэр  биш. Тиймээс эрх баригчид энэ байдлыг эрх биш харгалзан үзэх биз ээ. Амаржих газрын хүрэлцээ хангамж муу байна гэсээр Яармагт 300 ортой хүүхдийн эмнэлэг  барихаар  төлөвлөсөн ч барилга нь араг яс хэвээрээ, барьсан эзэн нь “аавын хаалга” татсан гашуун түүх, гомдмоор жишээ бий шүү.  Хүүхдийн эмнэлгээр шоу битгий хийгээрэй…

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж