Г.Мэнд-Ооёо: Монгол уран бичлэгийг ханзтай хутгаж болохгүй

Хуучирсан мэдээ: 2014.12.15-нд нийтлэгдсэн

Г.Мэнд-Ооёо: Монгол уран бичлэгийг ханзтай хутгаж болохгүй

“Монгол уран бичлэг” буюу “Mongolia calligraphy” номын нээлт Монголын үндэсний музейд өнгөрсөн баасан гаригт буюу арванхоёрдугаар сарын 12-нд болж өнгөрлөө. Эл ном нь Монгол бичгийн үүсэл хөгжил болон орчин үеийн Монгол бичгийн хөгжил гэх хоёр бүлгээс бүрдэх бөгөөд нээлтийн үеэр номын зохиогч Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёотой уулзаж ярилцсан юм.

-Та номынхоо онцлогийг уншигчдад маань хуваалцахгүй юу?

-Монгол уран бичлэгийн каталогийг хэвлүүллээ. Соёл урлагийг хөгжүүлэх сан, Соёл, спорт аялал жуулчлалын яамны дэмжлэгтэй хэвлүүлж гаргасан. Сүүлийн 20 гаруй жил Монгол бичиг хуучин уламжлалаараа дахин сэргэж байгаа үе л дээ. Төрийн хэмжээнд анхаарч байна. Төрийн зарим бичиг эх сурвалжуудыг монгол бичгээр бичиж үлдээж байгаа. Тэр дундаа Монгол уран бичиг болох каллиграф бичиг эрчимтэй хөгжиж байгаад миний хувьд баяртай байна. Эл каталоги нь хоёр хэсгээс бүтнэ. Нэгдүгээр бүлэгт бичиг үсгийн түүхэн дэх уран бичээсүүд буюу Чингисийн чулууны бичээсүүд, Цогтын хадны бичиг зэрэг бичээсүүд багтсан. Энэ бүлэгт Өлзийт хааны бичиг, судар номонд үлдсэн Монголын нэртэй хүмүүсийн хувийн бичигтэй холбоотой уран бичлэгүүдийг үзэж, санаа авч оруулсан. Хоёрдугаар бүлэгт орчин үеийн уран бичлэгүүд орсон. Энэ цаг үеийн уран бичлэгийн төлөөлөл болсон уран бүтээлчдийн уран бичлэгүүд орсон байгаа.

-Монгол уран бичлэгийн түүх хэзээнээс эхэлсэн гэж үздэг вэ?

-Улс орон бүр өөр өөрийн бичгийн соёл үүссэн цаг хугацаагаар хэмжигддэг. Монгол уран бичгийн түүхийг манай эрдэмтэд 1000 гаруй жилийн түүхтэй гэж үздэг. Бидэнд олдсон баримтаас харахад 790 жилийн өмнө хадан дээр хийсэн Чингис хааны чулууны бичиг байгаа юм. Чулуун дээрх бичээсүүдэд уран бичлэгийн үр хөврөл бий гэж үзэж байгаа. Тэгэхлээр энэ үеэс эхлээд 1246 оны Гүег хааны захидал, Өлзийт хааны бичээсийг үзэхэд энэ дотор Монгол уран бичлэг буюу каллиграф бичээсийн элментүүд орсон байна гэж үздэг. Тийм ч учраас Монголд анх удаа бичиг соёлын түүхэн сурвалж дотор монгол уран бичлэгийн санаанууд явж байсныг нилээд эрт үеэс авч үзэх хэрэгтэй гэсэн санааг уг каталогиороо харуулж байгаа юм.

-Сүүлийн үед уран бичээч, монгол бичиг судлаачдын дунд нэгэн маргаан гарч байгаа. Мэдээж та ч үүнийг мэдэж байгаа байх. “Монгол уран бичлэг Хятад, Япон ханзнаас ялгаагүй харагдах болсон. Монгол бичгийн үндсэн тэг алдагдаж эхэлсэн” гэх маргаан гарч байгаа. Таны хувьд ямар үзэл бодолтой байгаа вэ?

-Тийм зүйл огт байхгүй. Монгол бичиг бол хэдийгээр авианы бичиг боловч Монгол бичиг нь өөрөө асар их чөлөөтэй бичигдэж болдог. Жишээ нь, 200 гаруй жилийн өмнө Данзанравжаа хутагтын “Саран хөхөө” дуулалт жүжгийн зохиол дотор шувуу гэдэг бичиг бий. Шувууны дүрслэлээр бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, манай зарим залуу уран бүтээлчид дунд Монгол бичгийг дүрслэлээр илэрхийлэх санаа явж байгаа. Тийм ч учраас Монгол бичигт байгаа каллиграфийн чөлөөт илэрхийллийг ханзтай хутгах боломжгүй гэж үздэг.

Өмнө нь Япон Монголын хамтарсан үзэсгэлэн гарсан. Тухайн үеийн үзэсгэлэн дээр нэг хэвлэл мэдээллийн байгууллага “Монгол бичиг хэвтэж эхэллээ” гэх зүйл бичсэн байсан. Хэвтээгүй. Тухайн хүн өөрөө каллиграфын асуудлаа мэддэггүй хүн бичсэн байх шиг байсан. Хөгжим гэдэг үгийг ташуу бичсэн. Яагаад хөгжим гэдэг үгийг ташуу бичих болсон бэ гэхээр Морин хуур босоо тэгтэй. Энэ үнэн. Морин хуур нь баруун мөрөн дээгүүр давж зүүн өвдөг тийшээ хагас ташуу тавигддаг зүйл шүү дээ. Гитарыг ч мөн хагас ташуу байрлалаар барьж тоглодог. Тэр элментийг олж харж илэрхийлсэн юм. Гэх мэт хаялага цацлагуудыг ч мөн хажуу тийшээ нь харуулж чөлөөтэй хаядаг. Энэ нь ч өөрөө асар их эрх чөлөөтэй санаануудыг илэрхийлсэн байдаг. Чөлөөт дүрслэлийг хятад ханзтай адилтгаж болохгүй. Хөгжлийн тодорхой төвшинд олон төрлийн эрэл хайгуул болж байгаа. Тийм ч учраас Монгол уран бичлэгийн санаанууд хөгжлийн тодорхой төвшинд явж байгаа л гэж хэлмээр байна. Эрэл хайгуул хийж байгаа гэж ойлгож болно.

Э.ҮНЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж