Японы Ерөнхий сайд Шинзо Абе өнгөрсөн сард парламентын доод танхимаа тарааж, урьдчилсан сонгууль явуулсан нь эрх мэдлээ хамгаалж үлдэх зөв алхам болжээ. Японд өчигдөр /XII.14/ парламентын урьдчилсан сонгууль явагдаж өндөрлөв. Урьдчилсан сонгуульд Шинзо Абегийн эрх барих Либерал демократ нам болон Комейто нам доод танхимын суудлын гуравны хоёр буюу 326 суудал авчээ. Гэхдээ Либерал демократ нам АНУ-ын цэргийн баазыг нүүлгэн шилжүүлэхийг эсэргүүцэж буй Окинава арлаас дэмжлэг авч чадаагүй байна. Окинава арлын дөрвөн дүүрэгт эрх барих намаас нэр дэвшигчид бүгд ялагдал хүлээжээ. Мөн Японы Коммунист нам урьдчилсан сонгуулиар парламентын доод танхимд 21 суудал авч, суудлын тоогоо хоёр дахин нэмэгдүүлж чадсан байна. Урьдчилсан сонгуульд сонгогчдын ирц маш буу байж, 53.3 хувь нь парламентын доод танхимыг бүрдүүлэхэд саналаа өгсөн байна. Гэсэн ч Япончууд Шинзо Абегийн “Абеномик” гэж нэрлэгдсэн эдийн засгийг сэргээх бодлогод найдлага тавьж, хоёр дахь боломж олголоо. Шинзо Абегийн өмнө эдийн засгийн бууралтаас гадна дефляфци, хүн амын тоо буурах, насжилт зэрэг тулгамдсан асуудлууд байна.
Шинзо Абэ өнгөрсөн сард парламентаа тараахын зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буй худалдааны татварыг нэмэх тухай хуулийг хэлэлцэхийг хойшлуулсан билээ. Тэрээр худалдааны татварыг нэмэх тухай хуулийг 2017 оны дөрөвдүгээр сар хүртэл хойшлуулсан аж. Японы парламент ирэх 2015 оны аравдугаар сард худалдааны татварыг дахин нэмж, 10 хувь болгох хуулийн төслийг хэлэлцэх гэж байсан аж. Японы өмнөх Засгийн газрын үед худалдааны татварыг нэмэгдүүлснээр хөгжиж буй орнууд дундаа хамгийн өндөр болсон аж. Японы худалдааны татвар өнгөрсөн дөрөвдүгээр сард 5-8 хувь болж нэмэгджээ.
Шинзо Абегийн нэр хүнд Ерөнхий сайдаар сонгогдсоны дараах үетэй харьцуулвал хоёр жилийн дотор 50 хувиар унаад буй юм. Шинзо Абэ 2011 оны цунамигаас үүдсэн Фукушимагийн ослын дараа хаагдсан АЦС-уудыг дахин ажиллуулах шийдвэр гаргасан нь Японы ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулсан. Түүнчлэн тэрээр Японы энх тайваны төлөөх үзэл баримтлалтай үндсэн хуулийнд өөрчлөлт оруулж, цэргийн хүчээ нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters, BBC