“Тавантолгой транс”-ыг нээлттэй болгоно гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

“Тавантолгой транс”-ыг нээлттэй болгоно гэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Өмнөговь аймагт өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл сонсчээ. Өмнийн говьд Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийгдэж байгаа ч тодорхой бүлэг хүмүүсийн ашиг сонирхлын зөрчлийн улмаас саад бэрхшээлтэй тулж буй аж. Тиймээс тодорхой бүлэг хүмүүсийн эрх ашигт хөтлөгдөж, бүтээн байгуулалтын ажлын явцыг удаашруулж буй холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой гэсэн үүргийг энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаас Өмнөговь аймгийн Засаг даргад өгчээ.

Мөн орон нутгийн өмчит “Тавантолгой транс” компанийн үйл ажиллагааг нээлттэй болгох үүргийг өгсөн байна. Учир нь дээрх компанитай холбоотой дуулиан шуугиан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэлээд цацагдаж байгаа ч,  үйл ажиллагаа нь “нууц” аж. Засгийн газрын төвшинд дээрх компанийн захирлууд нь ямар шалгуураар томилогддог,  оператор компанийг яаж шалгаруулдаг, нүүрс борлуулах гэрээгээ яаж хийдэг гэдгийг мэддэггүй. Орон нутгийн засаг захиргаа нутгийн иргэд ч энэ тухай мэддэггүй. Гэтэл тус компани 2010 онд улсдаа хамгийн их нүүрс экспортолсон, хамгийн их ашиг хийсэн компани байдаг аж. Иймд дээрх байдалд дүгнэлт хийн асуудлыг улстөрийн өнцгөөр харахгүйгээр орон нутгийн иргэдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг тийм компани болгохын тулд эхний ээлжинд үйл ажиллагааг нь олон нийтэд ил болгох ёстой. Энэ үүднээс аймгийн Засаг дарга ажиллах ёстой гэсэн үүргийг энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. 

Оюутолгой, Тавантолгойн ордуудыг эдийн засгийн эргэлтэд орж эхлэхтэй холбоотойгоор тус аймагт хүн ам ихээр суурьших болж байгаа тул нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай хэмээн үзэж нэгдсэн эмнэлэг байгуулахаар шийдвэрлэсэн аж. Мөн  шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгах шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн 175 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг байгуулах шийдвэрийг энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан талаарх мэдээллийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт сэтгүүлчдэд өглөө.

Засгийн газрын хуралдаан түр завсарлаад байгаа бөгөөд үдээс хойш үргэлжилнэ. Энэ үеэр бензин, шатахууны нөөц ямар байгаа, үүнтэй холбоотойгоор гарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд салбарын яамнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдээлэл сонсч, зохих шийдвэр гаргах аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж