Мэс заслын хэрэгсэл, протезид хөнгөлөлт үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.12.14-нд нийтлэгдсэн

Мэс заслын хэрэгсэл, протезид хөнгөлөлт үзүүлнэ

Эрүүл мэндийн сайдын 2014 оны 380 дугаар тушаалаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн жагсаалт”-ыг баталсан юм. Энэхүү жагсаалтыг ирэх оны эхнээс буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр шийдвэрлэжээ. Даатгуулагч өндөр өртөгтэй мэс засал хийлгэсэн тохиолдолд тухайн мэс засалд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр болжээ. Өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд дараах мэс засал хамаарах юм байна.

Үүнд:

– Зүрхний төрөлхийн гажгийн мэс засал
– Зүрхний олдмол гажгийн мэс засал
– Зүрхний ишемит өвчний үеийн мэс засал
– Артерийн судасны эмгэгүүдийн үеийн мэс засал
– Тархи мэдрэлийн мэс засал
– Бүдүүн шулуун гэдэсний мэс засал
– Бөөрний мэс засал
– Чих, хамар, хоолойн мэс засал
– Гэмтэл, бэртлийн мэс засал
– Ерөнхий мэс засал
– Эрхтэн, хиймэл эрхтэн суулгах мэс засал зэрэг болно.

Ийнхүү эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний нэр төрлийг өргөжүүлснээр даатгуулагчдын эрүүл мэндийн улмаас үүсэлтэй санхүүгийн ачааллыг хөнгөлнө гэж албаны хүмүүс хэлж байна. 2015 онд өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн хөнгөлөлтөд Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулиар баталснаар эрүүл мэндийн даатгалын сангаас 13.4 тэрбум төгрөг зарцуулна.Түүнчлэн даатгуулагч тухайн сард өвчний учир эмчийн заалтаар оношлогоо, шинжилгээ хийлгэх бол эрүүл мэндийн даатгалын сангаас 55000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг байсан бол нэг удаад гурван сарын хэмжээтэй тэнцүү хэмжээгээр буюу 165000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой гэж Нийгмийн даатгалын газрын Эрүүл мэндийн даатгалын газраас мэдээлж байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж