Японд ирээд 4 дэх жилээ угтлаа. Япончуудаас сурмаар зүйл, бас сурмааргүй зүйл их олон ч, дэлхий даяараа гайхдаг зүйлийнх нь нэг бол яахын аргагүй хүмүүсийн залуу харагддаг байдал, урт наслалт юм. Ижилхэн Ази хүмүүстэйгээ харьцуулахад 10 насаар залуу харагдах учир насыг нь тааж хэлнэ гэдэг хэцүү. 70 хүрсэн өвөө дугуй унан ажлаа амжуулж, 80 хүрсэн эмээ хүнсээ цуглуулангаа дэлгүүр хэсч, ажлын маань 75-тай өвөө хоолны газраа хэний ч тусламжгүй ажиллуулж, 100 дөхсөн өвөө оройн хоолоо идэхээр манай ажил дээр ирнэ. Энэ бол зүгээр л японы хаа ч давтагдах энгийн дүр зураг. Дундаж наслалтаараа Дэлхийд 1т ордог энэ орны энэ хүмүүсийн нууц нь юу вэ гэж бодоод хайвал нууц гэхээр юм юу ч олохгүй. Зүгээр л өөрсдийгөө асар их хайрлаад сурчихсан л хүмүүс гэдгийг олж мэднэ. Хайрлахдаа огт мөнгө зарахгүй нь хамгийн бахархалтай. Тэд нар өөрсдийнхөө идэж буй хоолондоо ямар шим тэжээл хэр ихээр орсон байгаагаа мэддэг, бас юу дутуугаа ч мэддэг, хайдаг. Тэд ямар ч өндөр албан тушаалтан байсан дугуй унаад ажилдаа явдаг, цас их орсон үед шүүрээ бариад цасаа шүүрддэг, шалаа угаадаг. Хэдэн цагт унтаж хэдэн цагт босохоо тооцоолдог. Жаахан л асуудал гарахад эмнэлэгийн хяналтанд орж урьдчилан сэргийлдэг, улиралдаа тааруулж хүнсээ зохицуулдаг. Нас өндөр бол тогтмол бүтэн биеийн үзлэгтээ өөрөө яваад үзүүлчихдэг. Зүгээр л өдөр тутамдаа хийдэг тэдний үйлдэл нь тэдэнд эрүүл саруул, аз жаргалтай амьдралыг нь авчирч байдаг юм шиг. Гэтэл бид 80-тай хүнийг хэрхэн төсөөлдөг билээ? Бодит байдал дээр бас ямар билээ?
Гэрээсээ хол байдаг учир өдөр бүр гэрийнхэнтэйгээ интернэтээр холбогдоно. Өвдөх ядрах, сульдах, гээд бүх л үед гэрийнхнээсээ зөвлөгөө авна. Энэ болгонд маань ээж аав маань байнга л санаа зовж, явж үзүүл, мөнгө битгий хайрла, эрүүл л бай, ачааллаа зохицуул, ажлаа бага хий гэх мэтээр зөвлөнө, зэмлэнэ, загнана. Хэлснээр нь хийхгүй бол уурлана, шанална. Өчүүхэн зүйл байсан ч гэсэн заавал зүгээр гэдгийг минь мэдэж байж л санаа нь амрана.
Харин оюутны амралтаараа харихдаа зөвхөн үр хүүхдээ л гэдэг аав ээж хоёр минь ямар их өөрсдийгөө үл тоодог гэдгийг анзаарсан юм. Өглөө эртлэн босч яаран сандран өлөн ходоодон дээрээ хоносон хоолоо иднэ. Өдрийн хоол гадуур. Хувийн ажилтай тул харьж ирэх нь оройн 11 цаг. Хэдэн цагт ч ирсэн аав маань махан хоол нэхнэ. Идээд шууд унтаад өгнө. Маргааш нь өнөөдрөө давтана. Машинаар ажлаа зохицуулдаг тул хөдөлгөөн хийх тал дээр бол нойл. Цаг наргүй ажиллаж, биеэ гаргуунд нь гаргадаг нь зөвхөн манай аав ээж ч биш айл бүрт үзэгддэг Монголчуудын маань нийтлэг хандлага болов уу.
Тостой, давстай хоол идээд унтаад өгдөг аавын маань ходоод яаж байгаа бол гэсэн бодол салахгүй эмнэлэгт үзүүлье гэж гуйлаа. Гэтэл эрүүл байгаа юмыг юуг нь үзүүлэх вэ мөнгөний гарз охин минь гэж байна. Өвдсөн хойно нь л эмнэлэгээр явах ёстой гэсэн бодолтой нь манай аав ганцаараа биш юм.
Тултал нь яваад бензин нь дуусч зогссон машин шиг болчих вий гэж бодон арай бага цагаар ажиллаж эрт ирж амраач гэж гуйлаа. Ажиллахгүй бол ам хөдлөхгүй шүү дээ, 2 охиноо хүнээс дутахааргүй байлгахын тулд ажиллахаас л өөр сонголтгүй шүү дээ гэдэг хариу авлаа. Нээрээ ч тийм дээ гэж бодсон ч аав ээж минь эрүүл саруул байж, үр хүүхэд бидэнтэйгээ урт удаан хамт байж, зааж зөвлөж явбал бидэнд өөр юу хэрэгтэй вэ? Залуу нас эрч хүч байхад юуг ч хийж бүтээх хүч бидэнд бий. Өв хөрөнгө биш ээж аав гэр бүл минь дэргэд минь эрүүл саруул байж, зөв замыг минь зааж сургаж байвал энэ дэлхийн хэнээс ч баян.
Өмнө нь ирсэн дохиог аналгинаар дарчихаад, өвдөглөөд ирэхээрээ л эмнэлэг зорьж, эрүүл мэнд, эд эс, эд баялагаа бардаг бидний энэ зан хамгийн тэнэг зан. Мууг ёрлоогүй сайныг зөгнөж урьчилж биеэ шинжлүүлдэг, өглөөдөө гараад алхдаг, өөртөө хэрэгтэй нэмэлт бэлдмэлээ олоод авчихдаг, зөв хооллож, зөв хэмнэлтэй, зөв амарч, өөрийгөө эрүүл байлгаж, үлгэр дууриалал болж явбал ирээдүйд минь оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү аав ээжүүд минь. Үр хүүхдэдээ бүхнээ зориулна гэдэг үнэхээр хайрламаар хүндэлмээр ч гэлээ өөрсдийгөө эхлээд хайрлаарай, үр хүүхдүүд биднийхээ төлөө.
Нийтлэгч Б.АНХБАЯР