-Макро төвшиндөө харсан ч хөдөө аж ахуйн салбарын үүрэг улам бүр буурсаар байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь 2006 онд 21 хувь байсан бол 2012 онд есөн хувь болон буурчээ-
Манай улс зах зээлийн нийгэмд шилжиж байсан үе буюу 1990 онд 28 сая малтай, 100 мянган малчин өрхтэй байсан бол өнгөрсөн оны байдлаар 45 сая мал, 145,3 мягнан малчин өрхтэй болжээ. Ерээд оны үед 100-150 толгой малтай өрх айл өдөр тутмын энгийн хэрэглээгээ бүрэн хангаж байсан бол өдгөө 300 толгой малтай байж л өдөр тутмын амьдралаа болгож байгаа гэсэн судалгаа гарчээ. 200 малтай өрх айлын өдрийн зардал 2 ам.доллараас бага байгаа тул амжиргааны доод төюшинд хамаарахад хүрчихээд байгаа юм. Үндэсний статистикийн хорооноос хоёр жил тутамд нэг удаа гаргадаг ядуурлын судалгаагаар / 2012 онд/ манай улсын нийт хүн амын 27,4 хувь нь ядуу гэж тогтоогдсон бол хөдөө орон нутгат ядуурал 39,4 хувь, аймгийн төвүүдэд 30,4 хувь, сумын төвд 27,5 хувьтай байгаа нь хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудал болоод буй юм.
Макро төвшиндөө харсан ч хөдөө аж ахуйн салбарын үүрэг улам бүр буурсаар байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь 2006 онд 21 хувь байсан бол 2012 онд есөн хувь болон буурчээ. Экспортод нэхмэл материал болон нэхмэл эдлэл 4,5 хувь, арьс шир, үслэг бүтээгэдхүүн 0,6 хувь, амьд мал, малын гаралтай бүтээгдэхүүн 0,4 хувь, хүсний бүтээгдэхүүн 0,2 хувь, ургамлын гаралтай бүтээгдэхүүн 0,1 хувийг эзэлж байгаа юм. Харин импортод эзлэх хувь 2006 онд 17 хувь байсан бол 2013 онд 10 хувь болон буурсан байна. Тус салбарын импортод мал, амьтад, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүн нэг хувь, ургамлын гаралтай бтээгдэхүүн 1,1 хувь, мал, амьтан, ургамлын гаралтай өөх тос 0,6 хувь, түүхий болон боловсруулсан арьс шир, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл 0,1 хувийг эзэлж буй ажээ. Цаашдаа ч уул уурхайд хэрэгжиж буй төслүүдээс харахад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, импортын аль аль нь буурсан хэвээр байх таамаглалыг эдийн засагчид гаргажээ. Иймд эдийн засгаа зөвхөн нэг салбараас хараат байлгахгүйн тулд хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг тоймлон тодорхойлохоос аргагүйд хүрээд байна.
Өнөөдрийн байдлаар манай улсын хөдөө аж ахуйн салбарын өнгө төрхийг товчхон дүгнэвэл малын тоо олон боловч чанар, гарц бага, түүхий эдийн боловсруулалтын төвшин тааруу, хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо хангаж чаддаггүй, дэд бүтэц санхүүгийн систем оновчто бус, байгаль цаг уурын эрсдэл өндөр байна. Тиймээс одоогийн нөхцөл байдал энэ чигээрээ үргэлжилыбэл 2025 он гэхэд Монгол Улс 53 сая малтай болж, бэлчээрийн даац 12 хувиар хэтрэхийн дээр мал сүргийн бүтэц ч өөрчлөгдсөн байх магадлалтайг мэргэжилтнүүд онцолж байна. Өөрөөр хэлбэл бод мал цөөрч, бог мал тэр дундаа ямаан сүргийн тоо толгой асар ихээр нэмэгдэх магадлалтай гэнэ. Тиймээс цаашид таваарлаг мал өсгөхийг илүүд үзэж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь хамгийн зөв гарц болох ажээ. Сүргийн бүтцээ зөв тогтоож, бод малын тоо толгойг бууруулахгүй барих бодлогыг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Товч бөгөөд тодорхой хэлбэл хөдөө аж ахуйн салбар нь байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай, өрсөлдөх чадвартай байх гэсэн зах зээлийн үндсэн зарчмуудыг хангах учиртай юм байна.
Тэгвээл дээр дурсан бүхий л асуудлыг хөндөн ярилцаж, шийдэлд хүрэх нэгэн хэлэлцүүлэг маргааш өрнөх гэж байна. Хөдөө аж ахуйн салбарыг хойшид хэрхэн хөгжүүлэх, юунд анхаарах, ялангуяа санхүүгийн хувьд бат бөх зогсоох боломжийн талаарх хэлэлцэх хэлэлцүүлгийн нэр “Хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийн шинэ арга хэрэгслүүд”. Уг хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Монгол Улсын Ерөнхийөгчийн ХАА-н бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал болон гадаадын санхүүгийн байгууллагын мэргэжилтнүүд, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, багш нар оролцож, 2025 он хүртэл тус салбарт баримтлах төрийн бодлогын талаар зөвлөлдөх ажээ.
Д.ЦЭЭНЭ