“Чикаго Буллс”-ын хамтын тоглолт, хамгаалалт, шилжилт “Хит”-ийн тоглогчдод боломж олгосонгүй. Улирлын MVP-гээр тодорсон Роузын “тэсрэлт” энэ тоглолтод эргэн ирсэн мэт. “Буллс” нарлаг Майамид “Хит”-ийн талбайгаас нэг хожил булаан авах төлөвлөгөөндөө сэтгэл шулуудсан мэт тоглож байлаа. Харамсалтай нь, энэ бол цувралын дөрөв дэх тоглолтын эхний гурван үеийн дүр зураг. Харин шийдвэрлэх үе тэр чигээрээ “Хит”-ийн талд өрнөсөн. Эхний гурван үед гайхалтай байж, тоглолтын цаг дуусахад гурван минут дутуу байхад найман онооны давамгайллыг бий болгож чадсан “Буллс” үлдсэн хугацаанд эсрэг багийнхаа хэмнэлд бүрэн ууссан юм. “Хит”-ийнхэн багаараа довтолж, багаараа хамгаалсны дүнд тооны зөрүүг багасгаж чадсан. Тоглолтын үндсэн цаг өндөрлөхөд наймхан секунд дутуу байхад Роузын мэдэлд бөмбөг байсан. Харамсалтай нь, NBA-ын түүхэн дэх хамгийн залуу “шилдэг”-т туршлага дутаж, өөрөөсөө толгой өндөр Жеймсийн өөдөөс дундын зайн үсрэлттэй шидэлт хийх шийдвэр гаргасан нь алдаа болсон юм. Улмаар хоёр багийн цувралд анхны нэмэлт цаг үүсэхэд хүргэсэн. Нэмэлт цагийн эхний дөрвөн оноог Бош авч, багтаа тэргүүлэл авчирсан бол тоглолтын эхэнд л найман оноо авсан Уейд нэмэлт цагт 2:08 минут дутуу байхад хийсэн шидэлт хүртлээ 33 минутын турш ганц ч оноо аваагүй байв. Мөн дараа нь Луол Денг, Деррик Роуз нарын довтолгоон дээр цэвэрхэн хаалт хийгээд амжив. Харин “Буллс”-ын довтолгоо, хамгаалалт бүтэл муутай байлаа.
Двейн Уейд 12-хон оноо авсан ч чухал үед авчирсан дөрвөн оноо нь багтаа хожил авчрахад том тус болсон. Леброн Жеймс тоглолтын гол баатар болж 35 оноо, зургаан удаа самбараас бөмбөг авч, зургаан оновчтой дамжуулалт өгснөөс гадна 13 чөлөөт шидэлтээ бүгдийг нь амжилттай болгосон байна. Крис Бошийн идэвхтэй тоглолт, Майк Миллерийн сэлгээний тусламж “Хаан” Жеймст тус болсон юм.
Деррик Роуз эхний хагаст зургаан минут сэлгээнд сууж, үлдсэн хугацааг талбайд өнгөрүүлсэн. Плей-оффын эхний шатанд Индианагийн Пол Жорж, Данте Жонс, дараа нь Атлантагийн Жое Жонсон, харин сүүлийн шатанд Двейн Уейд, Леброн Жеймс гэсэн өөрөөсөө өндөр хүчтэй хамгаалагч нарын эсрэг тоглосоор маш их ядарсан нь сүүлийн мөчид харагдсан. Өнөөдрийн тоглолтод тэр 23 оноо авсан ч долоон удаа бөмбөгөө алдаж, 27 шидэлтийнхээ наймыг л оновчтой болгожээ. Эхний хагасын өмнө хийсэн хоёр слэм данк нь энэ тоглолтын чимэг байлаа.
Бузер, Денг нар тус бүр 20 оноо авсан ч бусад тоглогчид нь онооны лидерүүддээ тус болж чадаагүй. Улмаар “Майами Хит” 101:93 харьцаатай хожиж, цувралыг 3-1-ээр тэргүүлж эхэллээ. Цувралын дараагийн тоглолт Монголын цагаар баасан гаригийн өглөө Чикаго хотноо болно. Энэ улиралд анх удаагаа гурав дараалан хожигдож байгаа “Буллс” талбайдаа хожил авах уу, эсвэл “Хит” цувралыг эрт дуусгаж аваргын цомын төлөө дайралтаа үргэлжлүүлэх үү? Энэ асуултын хариултыг Боловсрол суваг ТВ-тэй хамт байснаар авах боломжтой.
Score Studio