Монголын хууль “Мон-Уран”-д үйлчилдэггүй

Хуучирсан мэдээ: 2011.05.25-нд нийтлэгдсэн

Монголын хууль “Мон-Уран”-д үйлчилдэггүй

Паркийн газар нутагт дур мэдэн барилга барьсан “Мон-Уран” компани хууль хяналтынхнаар даажигнасан хэвээр байна. Учир нь тус компанийн гэх барилга байгууламжийг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанаас нүүлгэн шилжүүлэхийг шаардсан албан тоотыг удаа дараа хүргүүлж байсан ч нэмэр болсонгүй. Харин ч хууль хяналтынхнаас ч илүү эрх мэдэл гарган өнөөдрийг хүртэл газраа чөлөөлж өгөлгүй том толгойлж сууна.

 “Мон-Уран” компани 2004 оноос паркийн баруун хойд хэсэг болох Хүүхдийн ордны урд хэсгийн 1,2 га газарт дураараа хашаа хатгасан нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн юм. Хашаа хатгаад ч зогсохгүй тэнгэр баганадсан өндөр барилга барьж эхэлсэн. Энэ нь Газрын тухай хуулийг зөрчөөд зогсохгүй, нийтийн эзэмшлийн нутаг дэвсгэрийнх өөрийнх юм шиг захиран зарцуулсанд буруутгагдаж байгаа хэрэг. “Мон-Уран” компанийг буруутай гэдгийг шат шатны шүүхээс тогтоосон байдаг. Хуулийг гууль болгосон “Мон-Уран”-ныханд монголын төр хүлцэнгүй хандаж байна. Нэг ёсондоо монголын хууль “Мон-Уран” гэх компанид үйлчилдэггүй бололтой. Эсвэл хуулиас илүү эрх эдэлдэг эзэнтэй учраас уу.

Үүнээс гадна паркийн газраас хэд хэдэн компани хувь эзэмших эрхтэй гэх хачирхайлтай мэдээлэл сонсогдсон. Эх сурвалжийн мэдээллээр бол “Сөүл”, “Мон-Уран”, “Монтоно”, “Монопол цонх” зэрэг компаниуд   паркийн газар нутгаас хумсалж өндөр үнээр бусдад заржээ. Хүүхдийн төлөө “Май” гэсэн компаниудын ачаар өдгөө өндөр барилгууд шилээ даран босч ирсээр байна. Паркийн хашаанд энд тэндгүй барилгын ажил өрнөж байна. Төмөр хашаагаар хаалт барьж, юу хийж буй нь үл мэдэгдэх орчинд барилгын компаниуд ажиллаж, харуул хамгаалалт ч чанга байх болж. Хаашаа л алхана хаа хүрэх гэж байгаа юм бэ. Хэнтэй уулзах гээ вэ гээд л асууж, шалгаах.

Хүүхдийн паркийн хойд талд баригдаж буй барилгын гаднах талбайд “Шангри-Ла Улаанбаатар” нэртэй зочид буудал баригдаж байгаа талаарх мэдээлэл бүхий салбар ч тавигдсан байна. Энэ нь Олон Улсын санхүүжилтийн корпорацийн төслийн хүрээнд баригдаж буй контор, үйлчилгээ, зочид буудлын зориулалттай барилга аж. Анх энэ газрыг “Монтоно” компани эзэмшиж байсан бол өдгөө “Эм Си Эс Пропертиз” компанид шилжүүлэн өгсөн гэнэ. Нэг компаниас нөгөөд шилжихдээ газрын хэмжээ нь өөрчлөгддөг журамтай болсон гэхэд хилсдэхгүй. Учир нь “Эм Си Эс Пропертиз” компани анх байсан хэмжээнээс нь томсгож 30 мянган ам.метр болгожээ. Зарим эх сурвалжийн ярьснаар хөлсөнд 13 сая гаруй төгрөг төлдөг байна. Ингээд бодохоор нийслэлийн удирдлагууд нийтийн эзэмшлийн газрыг бусдад түрээслүүлж улмаар ашиг олдог бололтой. Хэдхэн хоногийн дараа хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг үрсийн баяр болно. Гэтэл тэдний орчих дуртай парк нь хууль бус барилга байгууламжаар дүүрсэн байгаа.

Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж