“Ах аа, би орж болох уу, бусад хүүхдүүдийг багш аваад орчихсон уу”… гэж шуугилдах хүүхдүүд Дуурь, бүжгийн эрдмийн театрын үүдэнд дүүрэн байлаа. Тэдний аав, ээжүүд “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн бэлтгэл дуусахаар хүүхдүүдээ авч явахаар үүдэнд нь зогсох аж. Ингээд багш гарч ирж, хүүхдүүдийг бэлтгэлийн танхим руу авч явлаа. Энэ хүүхдүүд “Бостон балет” компанийн гоцлооч, Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн Дуурийн театрын тайзнаа шинэчлэн найруулан тавьж буй П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжгэн жүжигт тоглох бүжигчид юм.
“Цөмөөхэй”-н ая эгшиглэж, бяцхан бүжигчид өөр өөрсдийн оногдсон дүрээ бэлтгэж эхэллээ. Зарим хөдөлгөөнтэй хөвгүүд бусдынхаа урдуур, хойгуур гүйлдэж байгаад багшаасаа анхааруулга авч байгаа харагдав.
Танхимд байгаа хүүхдүүдүүд дундаас нэг хөөрхөн охин нүдэнд туслаа. Тэр жаахан мариалаг. Хамгийн идэвхтэй бүжигчин. Бүр чин сэтгэлээсээ бүжгийн байрлалаа авч зогсох бөгөөд хоёр хацар нь улайчихсан, бага зэрэг ядарсан харагдах хэрнээ бүх хөдөлгөөнөө дахин дахин давтаж хийгээд, цаанаа л нэг хөөрхөн.
“Цөмөөхэй”-д уригдсан хүүхдүүд бүгд л их уян хатан, мэргэжлийн балетчин хийдэг хөдөлгөөн гэж боддог чамгүй хүнд техникийг хэн нь ч түүртэлгүй гүйцэтгэж чадаж байлаа.
“Цөмөөхэй” жүжгийн гол дүрд сонгогдсон таван бяцхан Клара охинтой хэсэгхэн хугацаанд ярилцлаа. Ямар хэрсүү гээч… Асууж эхлээгүй байтал нэг нь “Эгч ээ, та бид хоёроос битгий хүнд асуулт асуугаарай” гэж сануулав. Харин өөр нэг нь “Эгч ээ, агуулгыг нь битгий асуугаарай, сайн мэдэхгүй болохоор…” гэж анхааруулсан бол бас нэг хөөрхөн охин нь “За ярилцлагаа хурдан эхлэх үү” гэж яарууллаа.
-Бүжиглэх ямар санагдаж байна?
-Бүжиглэх гоё. /Инээв/
-Юу нь гоё байдаг юм бол, та нарын бодлоор?
-Зүгээр л… Байнга бэлтгэл хийж бүжиглэх нь л гоё.
-Багш нартаа загнуулж байна уу?
-Бид нар багш нартаа хайртай. Багш нар загнадаггүй, зүгээр л бид нарт хэрхэн бүжиглэхийг заадаг.
-Олон хүний өмнө бүжиглэхдээ сандардаг уу?
-Үгүй. Сандрахгүй байна. Тайзан дээр бүжиглээд сурчихсан болохоор ер нь сандрахгүй байгаа. Бүр жаахан байхдаа бүжиглэдэг байсан болохоор.
-Та нар хэдэн настайгаасаа олны өмнө, тайзан дээр гарч бүжиглэдэг болсон бэ?
-Зарим нь дөрвөн настайгаасаа, зарим нь таван настайгаасаа. Одоо бид нарын ихэнх нь 11 настай. Хоёр хүүхэд л 10 настай.
-Бэлтгэл нь амжилт хүсье?
-Баярлалаа. Бид нар дасгалаа сайн хийж байгаа…
Хүүхдүүд бэлтгэлээ хийх зуур нь “Цөмөөхэй” балетыг дэглэж буй “Бостон” театрын гоцлол бүжигчин, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ийн ярилаа.
-Манайд “Шелкунчик” бүжгэн жүжиг 1980-аад оны үед тавигдсан байдаг. “Цөмөөхэй” бол дэлхийн хэмжээнд шинэ жил бүрээр тавигддаг цорын ганц балет шүү дээ. “Цөмөөхэй” балетийг сонгодог, классик хэлбэрээр нь тавина гэдэг хэцүү. Гэхдээ энэ удаагийн “Цөмөөхэй”-г бид яг классик тавилтаар нь тавина. “Бостон” балетаас театрын хувцас, тайзны засал чимэглэл гэх мэт зүйлс ирж байгаа. Тухайн хувцсанд таарсан дэглэлт, тавилт гэж хэлж болно. Харин шинэчлэн найруулахын тухайд би бүр багаасаа л боддог байлаа. Хоёр жилийн өмнөөс энэ бодлоо хэрэгжүүлье гэж бодоод ажиллаж эхэлсэн.
-Бүжгэн жүжгийн санхүүжилтыг таныг хувиасаа гаргаж байгаа гэж сонссон…
-“Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг. Дэмжиж байгаа хүмүүс олон бий. Улаанбаатар хотын захиргаа дэмжиж байгаа. Мөн нилээд олон байгууллага хамтран ажиллаж байна. Балетад заавал мэргэжлийн бүжигчид бүжиглүүлнэ, Хөгжим бүжгийн коллежиос хүүхэд авна гэвэл мөнгө төлөх ёстой гэдэг ч юм уу, тийм байдал үүсдэг л дээ. Тиймээс энэ байдлыг жаахан ч гэсэн эвдэх зорилготой байгаа. Энд тоглож байгаа 180 хүүхэд бүгдээрээ өөрийн гэсэн дүртэй, үүрэгтэй байгаа. 180 хүүхдийн нэг нь болж байгаа хүүхэд өөрийгөө энэ бүжгийн маш чухал хэсэг юм байна гэдгээ илүү мэдэрч байгаа гэж бодож байна. Тэд энэ балетад тоглосноороо урлагийн маш том мэдрэмж, ирээдүйд өөрийгөө урлагт их чухал хүн болох юм байна гэсэн итгэл олж авна гэж харж байгаа.
Хүүхдүүдтэй ажиллах надад сайхан байна. Бид энэ удаа нилээн амарчилсан тавилтаар “Цөмөөхэй”-г тавьж байгаа гэх үү дээ. Харин дараа нь хүнд хэцүү хувилбар, дасгалтайгаар “Цөмөөхэй”-г дахин тайзнаа тоглох бодол бас бий.
-180 хүүхдийг мэргэжлийн гэхээсээ илүүтэй эвсэлтэй хүүхдүүдийг сонгож авсан гэж сонссон. Бүжгийн урлагаар хичээллэдэг болон эвсэлтэй хүүхдүүдийн хоорондын ялгаа хэр их харагдаж байна вэ?
-Ер нь авьяастай, авьяасгүй байх нь гол биш л дээ. Хүүхэд бүр тайзан дээр янз янзаар л тоглоно. Миний бодлоор хүүхэд өөрийгөө тайзан дээр хэрхэн илэрхийлэхийг харах нь чухал. Тэрнээс 5, 7 эсвэл 9 настай хүүхдүүд хоорондоо ялгаагүй шүү дээ. Яахав өдөр бүр бэлтгэл хийдэг хүүхдүүдийн хувьд арай өөр байна. Гэхдээ бараг л ялгаагүй. Энэ асуудал дээр үзэгчид илүү дүн тавих байх аа. Би өөрөө бас анх удаа хүүхдүүдтэй ажиллаж байгаа болохоор тэдэн шиг сандарч байгаа /Инээв/.
Сонирхуулахад, “Цөмөөхэй” бүжгийн жүжгийн үеэр бяцхан үзэгчид Дроссейлмер шидтэний ид шидийн ертөнцөөр аялан, амттанаар дүүрэн хотхоноор зочлох болно. Мөн,
- Клара охин, Цөмөөхэй ханхүүгийн дүрд хувилан, хамт зураг даруулж,
- “Nomads” сүлжээ, “California” рестораны амттанаар дайлах амттаны дагинатай уулзан,
- Нүүр болон гаран дээрээ хөгжилтэй зураг зуруулж,
- Худалдааны гудамжтай танилцаж, шинэ жилийн гоёл, дурсгалын зүйлс худалдан авах боломжтой.
“Цөмөөхэй”-г хэзээ үзэх вэ?:
Арванхоёрдугаар сарын 24-нд 19:30
Арванхоёрдугаар сарын 25-нд 19:30
Арванхоёрдугаар сарын 26-нд 19:30
Арванхоёрдугаар сарын 27-нд 13:00, 19:30
Арванхоёрдугаар сарын 28-нд 13:00, 19:30
Э.ТЭМЛҮҮН