Хорлоо эмээ: Шинэ байшин маань үнэн гоё

Хуучирсан мэдээ: 2014.12.12-нд нийтлэгдсэн

Хорлоо эмээ: Шинэ байшин маань үнэн гоё

Дэнжийн мянгын Цагаан байрнаас “Бөмбөгөр” худалдааны төв хүртэл хоёр халуун сав цай үүрэн очиж худалдаалдаг 90 настай Хорлоо эмээд сайхан сэтгэлт залуус туслан, шинэ байр барьж өгсөн тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Сайн үйлсийг санаачилсан залуус эмээг сувилалд амрааж, тэр хооронд шинэ байшин барьсныг ч уншигчид маань мэдэж байгаа. Тэгвэл Хорлоо эмээ өчигдөр өглөө сувиллаас гарч, шинэхэн байшиндаа тухалжээ. Эмээтэй уулзахаар биднийг зорин очиход эмээ эзгүй, харин үүдний довжоон дээрээ захидал бичиж үлдээсэн нь байв.

Захидлыг дэлгэн үзвэл “Буудлын наад талын тод ногоон хаалгатай айлд очихоор явлаа. Миний утас ярьж болохгүй болоод байна. Би удахгүй ирнээ. Эмээ нь” гэсэн гаргацтай нь аргагүй бичиг байх ажээ. Нэг ч үг үсгийн алдаагүй нямбайлан бичсэн захидал байлаа. Захидалд заасан хаягаар эмээг олж уулзуулсан хүн бол Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны хэсгийн ахлагч Н.Долгор эгч байсан юм. Тэрбээр Хорлоо эмээгийн хэсгийг хариуцдаг бөгөөд эмээд тусалсан сайхан сэтгэлт залууст талархаад баршгүй байгаагаа хэлж байлаа.


Удсан ч үгүй С.Хорлоо гуай хоёр таягаа тулан Долгор эгчийн хамт хүрч ирэв. Эмээ  шинэхэн дээлэн дээрээ өдөн хүрэм давхарлан өмсчээ. Царай зүс нь өнгөтэй, цаанаа л нэг баяртай байгаа нь түүний алхаа гишгээнээс нь  андашгүй. “Та нар удаан хүлээв үү” гэсээр эмээ ирлээ.  Шинэхэн байшиндаа ирээд нэг л хонож байгаа болохоор зарим нэг зүйлсдээ дадаж амжаагүйгээ эмээ хэллээ. Өглөө босоод цайгаа чанах гэтэл цахилгааны шид нь уначихсан болохоор асааж чадахгүй суугаагаа эмээ хуучлав. Жижигхэн боловч тохитой шинэхэн байшинд нь дутуу юм алга. Төслийн зуух тавьж өгчээ. Шинэхэн ор, ширээ, сандал, хоол болоод хувцасны шүүгээ бүгд шинэ. Хивсийг нь хүмүүсийн хөлийн шорооноос хамгаалж гялгар уутаар бүрхжээ. Ширээн дээр боорцог чихрээр идээ засчээ. Хоолны шүүгээн дотор бэлэн хэрчсэн гурил, будаа тавьсан харагдана. Олон сар жилээр ижийгээ хүлээлгэсэн үр хүүхдүүд нь ирсэн мэт санагдаж байлаа. Багад оюутан эгчийг ирэхээр хөдөө гэр маань ингэж нэг өнгө ордогсон. Хорлоо эмээ ч эгчийг хараад хөл нь хөнгөрсөн ээж шиг минь санагдаад болсонгүй.

Эмээ шинэ байшин нь ямар байна, сувилалд байхдаа наашаа ирж байшингаа харах гэж яарав уу хэмээн асуухад “Байшин маань үнэн гоё. Энэ сайхан буянтай хүүхдүүдтэй таарсандаа баяртай байна, эмээ нь. Ач буянаа хайрласан хүүхдүүддээ бүгдэд баярлалаа гэж хэлмээр байна. Бүгдийнх нь нэрийг бүгдийг нь цээжилсэнгүй. Ням-Эрдэнэ, Сувд-Эрдэнэ хоёрын нэрийг л мэдэж байна” хэмээн эмээ өгүүллээ.   Сувд-Эрдэнэ бол эмээтэй хамгийн түрүүн уулзаж, цахим ертөнцөөр эмээгийн тухай мэдээллийг түгээсэн хүн юм. Одоо ч эмээтэй байнгын холбоотой байгаа бөгөөд удахгүй очиж зуухыг нь галлаж өгнө гэснийг эмээ дуулгалаа. Хорлоо гуайд туслах аян өрнүүлж, байшинг нь барьж  өгсөн “Монгол тусгал” ТББ-ын залуус сувиллаас ирэхэд нь тосон угтжээ. Хашаагаар дүүрэн хүүхдүүд угтсан хэмээн эмээ баяртай өгүүлэв. “Энх саран” сувиллын эмч, сувилагч  нар сэтгэлээсээ асарч сувилж байсан гэнэ.

Тиймээс ч баярласан сэтгэлээ илэрхийлж, Хорлоо эмээ шүлэг бичсэнээ бидэнд үзүүлэв. Толгой мөр холбон бичсэн шүлгийг нь үгчлэн буулгавал:

Хайрхан уулын энгэрт

Эгнүүлж барьсан байшинтай

Энгэр дээрээ Эвийн дөрвөн амьтантай

Энх саруул сувилалтай

Эелдэг зөөлөн харьцаатай

Эмч, сувилагч, ажилчидтай

Энхбаатар бариачтай

Эрхэмлэж бичмээр сувилал юмаа

Бичсэн Хорлоо эмээ…. гэжээ.

 

Хорлоо гуай өглөө бүр цай сүүнийхээ дээжийг төрж өссөн нутаг Өмнөговь аймгийн Баян-Овоо сумынхаа зүг өргөдгөө хэлж байлаа. Тэрбээр Улаанбаатарт ирээд 60 гаруй жил болсон хэдий ч төрж өссөн нутаг нь санаанаас гардаггүй ажээ. 60 гаруй жилийн өмнө нөхрөө даган хотод ирэхэд Өндөр дэлгүүрийн хоёр давхар байшин хачин өндөр барилга шиг санагдаж байсныг эмээ дурслаа. Залуу насандаа эмээ  нийтийн хоолны газрууд болон орон сууцны конторт ажилладаг байжээ. Хотод ирэхээсээ л Дэнжийн мянгад суурьшсан болохоор нутаг сэлгэн нүүх тун дургүй гэнэ. Газар дээрх ганц хүүгээ бодоод зүгээр сууж чаддаггүйгээ тэрбээр өгүүлж байлаа. Үхтэл үр харам гэдэгчлэн хэдий өрх тусгаарлан хань бүлтэйгээ амьдарч байгаа ч сэтгэцийн өвчтэй хүүдээ сэтгэл зовохгүй байж чаддаггүй ажээ. Нэгэн үе сүү тараг ч зарж үзэж. Бие гүйцэхээ байхаар нь сурснаараа цай чанаж, зардаг болсон байна. Түүнийг хэд хоног очихгүй болохоор Бөмбөгөрийнхөн “Хаачив, яагаад удаан ирсэнгүй вэ” хэмээн угтдаг аж. Эмээ аяга цайг 500 төгрөгөөр зарна. Харин зарим хүмүүс 1000-аар ч авах нь бий гэнэ. Зун өвөлгүй хоёр халуун сав цай үүрэн явна гэдэг амаргүй. Цас ихтэйд бол хальтирч уначих гээд байхын дээр удаан алхаснаас хөл нуруу нь өвдөх болжээ. “Энэ өвөл цайгаа зөөж амжих нь уу үгүй юү” хэмээн эмээ санаашран өгүүлж байлаа.


Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны зүгээс эмээд боломжийн хэрээр тусалдагийг хэсгийн ахлагч Долгор хэлж байлаа. Халамжийн хуулийн дагуу олгож болох бүхий л тусламжийг үзүүлдэг байна. Өвөлдөө нэг удаа түлээ нүүрс авахад нь зориулж 140 мянган төгрөг өгдөг бол ахмадын өдөр, цагаан сараар тусламж үзүүлдэг байна. Долгорын ахалж буй хэсэгт Хорлоо эмээ шиг ганц бие өндөр настан бас байдаг тухай тэрбээр өгүүлж байлаа. Шархүү, Доосүрэн гэдэг хоёр хөгшин ганцаар амьдардаг ажээ.

"Монгол тусгал" ТББ-ын залуусын өрнүүлсэн аяны ачаар Хорлоо эмээ шинэ өргөөтэй болж, магнай нь тэнийжээ.  “Арт констракшн” ХХК-ийн архитектор Б.Түмэнжаргал байшингийнх нь зураг төслийг гаргаж, доторх тохижилтод сэтгэл сайтай олон залуус тусалсан байна. Сайхан бүхний үзүүрт шар тос гэдэгчлэн сэтгэл сайтай залуусын ажил үйлс нь үргэлж өөдрөг, бүтэмжтэй байхыг ерөөе. 90 насны босго хэдийнэ алхсан ч бусдад дараа болохгүй аж төрөхийг үлгэрлэж буй С.Хорлоо эмээдээ “Зуу насалж, зургаадай таяг тулаарай” гэсэн ерөөл өргөж, сурвалжлагаа өндөрлөе.

Д.ЦЭЭПИЛ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж